Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан өнөөдөр болж нийт 25 асуудал хэлэлцлээ. Хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 83 дугаар тогтоолоор баталсан “Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд хувийн дугаар олгох журам”-ыг шинэчлэн баталлаа. Шинэчлэн баталсан энэхүү журмыг Санхүүгийн зохицуулах хороо болон аймаг, дүүргийн Засаг дарга нар мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд олгох бүртгэлийн гэрчилгээнд тэмдэглэгээ хийхэд буюу хувийн дугаарыг давхцахгүй, тасалдахгүй олгох зорилгоор ашиглах юм.
Мөн хуралдаанаар хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэг компанид, банк бус санхүүгийн зээл олгох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл болон банк бус санхүүгийн итгэлцийн үйлчилгээ эрхлэх, цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг хоёр компанид олгохоор шийдвэрлэв.
Харин барьцаалан зээлдүүлэх журмаар олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээр 17 компанийг, үнэт металл, үнэт чулууны эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэр бүхий хоёр иргэнд олгохоор тус, тус хэлэлцэн шийдвэрлэлээ.