Монголбанкны ээлжит хэвлэлийн хурал өнөөдөр боллоо. 2024 оны хоёрдугаар сарын байдлаар нийт зээлийн үлдэгдлийн 13.7 хувийг ипотекийн зээл эзэлж буй. Дээрх хугацаанд 1154 зээлдэгчид 161.5 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Ингээд нийт 115 627 зээлдэгчийн 7.8 их наяд төгрөгийн ипотекийн зээлийн үлдэгдэлтэй байна. Үүнээс Монголын Ипотекийн Корпораци /МИК/-д шилжсэн зээл 51.3 хувь буюу дөрвөн их наяд төгрөгийг бүрдүүлдэг аж. Харин банкуудад буй ипотекийн зээлийн үлдэгдэл 48.7 хувийг бүрдүүлж байна.
Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин “ 2013 оноос хэрэгжиж буй ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд МИК банкуудаас 6-8 хувийн хүүтэй зээлүүдийг багцлан худалдаж аваад үнэт цаасжуулж, эргээд Монголбанканд үнэт цаасыг шилжүүлдэг. МИК-ийн зүгээс зээлүүдийг өндөр шалгуураар үнэлдэг учраас хоцрогдолтой явдаг. Энэ оны хувьд МИК 500 орчим тэрбум төгрөгийн зээлийг багцлан үнэт цаасжуулах төлөвлөгөөтэй байна” гэв.