Хүний нөөцийн “Эйч Ар консалтинг фирм” компанийнхан фэйсбүүк дэх хуудсаараа дамжуулан иргэдээс нэгэн бичил судалгаа авсан нь тун сонирхолтой үр дүн харуулсан байна. Тус компанийнхан “Байгууллагаас зохион байгуулдаг ямар үйл ажиллагаа таагүй санагддаг вэ” гэсэн ганцхан асуултыг иргэдэд тавьжээ. Уг асуултад 2108 хүн хариулсан аж. Оролцогчдын өгсөн хариултыг нэгтгэн дүгнээд, дараах таван үйл ажиллагаанд ажилтнууд таагүй ханддаг гэсэн “онош” тогтоосон гэнэ.
Нэгдүгээрт, амралтын өдөр зохион байгуулдаг бүх ажил таагүй санагддаг гэж хамгийн олон буюу 571 хүн хариулжээ. Гэтэл манайд, ялангуяа төрийн байгууллагынхан ажилтнуудаа амралтын өдрүүдэд ер амраадаггүй, элдэв хурал, цуглаан, тэмцээн, уралдаан зохион байгуулдаг гэж иргэд ихэд шүүмжлэлтэй ханддаг. Сонгууль дөхсөн өнөө үед төрийн байгууллагын зарим дарга нар “Амралтын өдөр ажиллалаа” хэмээн өөрийгөө сурталчлах нь ихэссэн. Гэтэл энэ нь маш буруу үлгэр дуурайл гэнэ. “Байгууллага бол ажилтны гэр бүл биш. Тийм учраас амралтын өдрийг нь тэдэнд “үлдээж”, гэр бүлдээ цагаа зарцуулах боломжийг нь олгох ёстой” гэж “Эйч Ар консалтинг фирм” компанийнхан зөвлөсөн байна.
Өмнө дурдсан асуултад цөөнгүй иргэн “Шинэ жилд зориулан урлагийн үзүүлбэр бэлдэхэд дургүй” гэж хариулжээ. Гуравдугаарт, ямар нэгэн тэмдэглэлт өдрийг тохиолдуулан монита зохион байгуулах нь таагүй санагддаг гэсэн байна. Дөрөвт, удаан үргэлжилсэн хурлууд зохион байгуулдаг нь ажилтнуудад таалагддаггүй. Хамгийн сүүлд удирдлагын сүсэг бишрэлтэй холбоотой аливаа зан үйл таагүй санагддаг гэжээ.
Бэлтгэсэн М.Оч