Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн БНХАУ-ын Хайнань мужийн Боао хотод болсон “Азийн чуулга уулзалт -2024 “-ын үеэр Азийн санхүүгийн зах зээлийн хөгжил ба санхүүгийн даяаршлын асуудлаарх дугуй ширээний уулзалтад оролцлоо.
Уулзалтын үеэр Азийн бүс нутгийн санхүүгийн зах зээлийн хөгжил, санхүүгийн нээлттэй байдлаа улам өргөжүүлж, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэхэд баримталж буй бодлогын чиглэлээр санал илэрхийлжээ. Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, бүс нутгийн санхүүгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн чухлыг онцолж, худалдааг хөнгөвчлөхийн тулд үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийг өргөжүүлэх талаар олон талт алхамд уриалав. Мөн Азийн жижиг орнуудыг багтаасан санхүүгийн тогтолцоо бий болгох нь зах зээлийн хөрвөх чадварыг дэмжих, бүс нутгийн худалдааг хөнгөвчлөх замаар эдийн засагт ашигт тусаа өгнө гэж үзэж буйгаа илэрхийлснийг төв банкнаас мэдээллээ.
Дугуй ширээний уулзалтад Боаогийн Азийн чуулга уулзалтын дэд дарга Жөү Шиаочуан, Лаосын Төв банкны Ерөнхийлөгч Бунлеуа, Тайландын Төв банкны Дэд ерөнхийлөгч Алисара Махасандана, ОУВС, АХБ, Олон улсын төлбөр тооцооны банк болон бусад санхүүгийн байгууллага оролцжээ.
Эх сурвалж: Монголбанк