Санхүүгийн зохицуулах хороо, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/ хамтран 2023 онд Монголын хөрөнгийн зах зээлд үнэт цаас гаргах сонирхолтой компаниудыг дэмжих зорилгоор “ТОП-100 аж ахуйн нэгжийн хөрөнгийн зах зээл дэх оролцоог өсгөх арга хэмжээний хөтөлбөр”-ийг баталсан билээ.
Энэ дагуу тус аж ахуйн нэгжүүдэд хөрөнгийн зах зээлд хувьцаа, компанийн бонд гаргахад дэмжлэг үзүүлэх, тавигдах шаардлага, хугацаа, өртгийг бууруулж, хялбаршуулсан зохицуулалтуудыг бүрдүүлэх, үүнтэй холбоотой журмуудад нэмэлт, өөрчлөлт оруулах төслүүдийг хамтран боловсруулах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг 2024 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр байгууллаа.
Санхүүгийн зохицуулах хороо, хөрөнгийн биржүүд, үнэт цаасны хадгаламж ба клирингийн байгууллагууд хамтарсан ажлын хэсгийн анхдугаар хуралдаанаар дээрх хөтөлбөрийн хүрээнд Санхүүгийн зохицуулах хороо, “Монголын хөрөнгийн бирж” ХК болон бусад байгууллагууд зохих дүрэм, журамдаа шат дараагаараа өөрчлөлт оруулах шийдэлд хүрчээ. Түүнчлэн 7 хоног тутам ТОП-100 ААН-үүдэд холбогдох байгууллагууд мэргэжлийн зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллана.
“Монголын хөрөнгийн бирж” ХК нь дээрх аж ахуйн нэгжүүд үнэт цаасаа бүртгүүлэн арилжихад тавигдах шаардлагыг бууруулах, бүртгэх ажиллагааг богино хугацаанд түргэвчилсэн зарчмаар шийдвэрлэх зэрэг өөрчлөлтүүдийг “Үнэт цаасны бүртгэлийн журам”-д тусган хялбаршуулах, олон нийтэд нээлттэй компани болохтой холбоотой цогц мэдээллийг хүргэх бэлтгэл ажлыг хангаж байна.