Монгол Улсад мөнгөний бодлогыг Монголбанкны Мөнгөний бодлогын хороо тодорхойлдог. Тус хорооны 2024 оны гуравдугаар сарын 14, 15-ны өдрийн ээлжит хурлаар 13 байсан бодлогын хүүг 12 хувь болгож бууруулсан. Тэгвэл энэхүү нэг хувийн бууралт иргэдийн аж ахуйд хэрхэн нөлөөлөхийг тооцоолж үзье. Бодлогын хүүний өөрчлөлт дараах нөлөөллийг үзүүлдэг аж.
Бодлогын хүү нь мөнгөний зах дээр банкууд хоорондоо зээл олгож, авах суурь хүү юм. Мөн төв банкнаас гаргаж буй хамгийн бага хугацаатай үнэт цаасны хүү гэж ойлгож болно. Тус хүүний өөрчлөлт нь өрх, аж ахуйн нэгжийн хадгаламж, зээлийн хүүнд нөлөөлдөг. Тодорхой хэлбэл, бодлогын хүү 1 нэгж хувиар өөрчлөгдөхөд хадгаламжийн хүүнд 0.64, зээлийн хүүнд 0.47 нэгж хувийн өөрчлөлтийг дагуулна.
Мөнгөний бодлого нь эдийн засаг дахь хүүнд суурь үзүүлэлт болдог. Гэвч хадгаламж, зээлийн хүү нь зөвхөн мөнгөний бодлогоор тодорхойлогддоггүй. Тус хүүнд санхүүгийн зах зээлийн нөхцөл байдал, өрсөлдөөний өөрчлөлт, зээлтэй холбоотой эрсдэл зэрэг бусад хүчин зүйлс чухал нөлөөтэй. Иймд бодлогын хүү болон бусад хүүнүүд хоорондын зөрүү нь цаг хугацааны туршид өөрчлөгдөж иржээ.
Мөнгөний бодлогын өөрчлөлт хамгийн ихээр нөлөөлөх хүртэл нэг орчим жилийн хугацаа шаардлагатай. Өөрөөр хэлбэл, Мөнгөний бодлогын хэрэгслийн өөрчлөлт гарсан даруйдаа бага багаар нөлөөлж, хамгийн хүчтэй нөлөө нь 12 сарын дараа бий болно.
Мөнгөний бодлогод инфляцын хүлээлт чухал нөлөөтэй. Жишээ нь, хэрэв ажилтнууд инфляц өснө гэж хүлээж байгаа бол бодит орлогоо тогтвортой хадгалахын тулд цалинг нэмэгдүүлэхийг хүснэ. Харин төв банкнаас инфляцын зорилтот түвшинг зарласнаар дээрх инфляцын хүлээлтийг “аргамжих” нөхцөл бүрддэг. Ингэснээр эдийн засгийн тодорхой бус байдал буурч, өрх, аж ахуйн нэгжүүд хуримтлал үүсгэх, хөрөнгө оруулалт хийх шийдвэрт түлхэц болдог аж.