Нийслэл энэ сар гарснаас хойш хэд хэдэн удаа өмхий үнэрт дарагдлаа. Өчигдөр л гэхэд Улаанбаатарын төв, баруун хэсгээр бохирын үнэр тархав. Иргэдийн зарим нь “Хүхрийн үнэр шиг байна” гэсэн таамаглал ч дэвшүүлж байсан юм. Ялангуяа III, IV хорооллын орчим, Баянзүрх дүүргийн 26, Хан-Уул дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт оршин суудаг иргэд өмхий үнэр байнга шахам тархах болсныг хэлж байна. Тиймээс иргэд шөнийн цагаар ч цонхоо онгойлгож чадахгүйд хүрчээ.
Ямар шалтгааны улмаас Улаанбаатар “өмхийрөөд” байгааг нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрынхнаас тодруулахад “Төв цэвэрлэх байгууламжаас гарч байгаа. Шалтгааныг нь тус байгууллага, Ус сувгийн удирдах газраас тодруулаарай” гэв. Харин Төв цэвэрлэх байгууламжийнхан “Манай байгууламжийн үйл ажиллагаа хэвийн байгааг хариуцлагатайгаар хэлье” хэмээлээ. Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газрынхан болохоор “Мэдэхгүй” гэв.
Түүнчлэн нийслэлийн Онцгой байдлын газрынхнаас энэ талаар лавлахад “Шар усны үертэй холбоотой байх. Өөр мэдээлэл алга” гэсэн хариулт өгсөн юм. Харамсалтай нь, дээрх байгууллагуудын аль нь ч өмхий үнэрийн шалтгааныг тогтоон, арга хэмжээ авахаа мэдээлсэнгүй. Нийслэлийн иргэд юунаас гарсан нь ч мэдэгдэхгүй бохир агаараар амьсгалсаар байхад албаныхан хэдий болтол тоохгүй орхих вэ.
Бэлтгэсэн: А.Үүл