“Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн баримт бичигт тусгасан “Хог хаягдлын цогц менежментийг нутагшуулах, эдийн засгийн эргэлтэд оруулах, дахин боловсруулах, ашиглах загвар төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, ногоон байгууламж бүхий талбайг нэмэгдүүлэх” зорилтыг хангах зорилготой “Хог биш хог” сэдэвт цахим зөвлөгөөнийг БОАЖЯ олон улсын байгууллагуудтай хамтран өнгөрсөн баасан гарагт зохион байгуулав. Зөвлөгөөнд 21 аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтнүүд, хог хаягдлыг дахин боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани, судалгаа шинжилгээ хийдэг байгууллагын төлөөлөл оролцлоо.
Хотжилт, хүн амын төвлөрөл ихсэхийн хэрээр хог хаягдлын хэмжээ нэмэгдэж буй тул энэ салбарт цогц менежмент хэрэгжүүлж, олон улсын сайн туршлагуудыг нэвтрүүлэх шаардлагатайг мэргэжилтнүүд энэ үеэр онцлов. Сүүлийн 10 жилийн дунджаар манай улс 365 хоногт 2.4 сая орчим тонн хог ялгаруулж буй гэнэ. Үүний 10 хүрэхгүй хувийг нь л дахин боловсруулж, ашигладаг аж. Орчны бохирдлыг бууруулж, хогийг эдийн засгийн эргэлтэд оруулъя гэвэл дахин боловсруулах чиглэлд анхаарах шаардлагатайг Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооны тэргүүн Д.Батжаргал дурдав. Тэрбээр “Хог хаягдал гэдэг бол очих ёстой газраа олоогүй яваа түүхий эд юм. Үүнийг түүхий эд болгохын тулд иргэд ангилан ялгасан хаягдлаа боловсруулах үйлдвэр, дахиврын цэгүүдэд тогтмол нийлүүлдэг болох хэрэгтэй” гэсэн юм.
Хог хаягдлыг бууруулахын тулд иргэдийн хандлага, дадлыг өөрчлөх нь чухал гэсэн санааг зарим судлаач дэвшүүлэв. Харин зөвлөгөөнийг зохион байгуулагчид нийслэл, орон нутгийн холбогдох байгууллагуудыг шаардлагатай техник хэрэгслээр хангах шаардлага тулгарч байгааг онцолсон. Одоогоор улсын хэмжээнд 137 сум хог ил задгай тархахаас сэргийлэх хамгаалалтын хашаа, торгүй, 291 сум хаягдал шатаах зуухгүй, 113 сум түрж, нягтруулах төхөөрөмжгүй, 261 сум бутлах хэрэгсэлгүй, 76 сум тогтмол тээвэрлэх автомашингүй байгаа гэнэ. Энэ нь орчны бохирдол гаарах, хогийг булж устгах нэрийдлээр их хэмжээний эрүүл газрыг сүйтгэх нөхцөл болдог байна. Иймд шаардлагатай техник хэрэгслээр хангах нь чухал гэлээ. Цаашдаа үйлдвэрлэгч, импортлогчид үйл ажиллагаанаасаа үүссэн хог хаягдлыг хариуцдаг эрх зүйн зохицуулалт бий болгох шаардлагатайг БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчны бодлого зохицуулалтын газрын дарга Г.Энхмөнх хэлэв.