Монголын оюутны спортын VI универсиад Улаанбаатар хотод ирэх сарын 15-нд хөшгөө нээнэ. 11 хоног үргэлжлэх уг наадмыг зуны спортын 10 төрөлд зохион байгуулах бөгөөд анхан шатны тэмцээнээс шалгарсан их, дээд сургуулиудын баг тамирчид шигшээд өрсөлдөх нь. Тэмцээнд оролцох тамирчин спортын нэг төрөлд оролцох боломжтой. Түрүүлсэн тамирчинд 400, мөнгөн медаль хүртсэнд нь 300, хүрэл медаль хүртсэнийг нь 200 мянган төгрөгөөр шагнана. Түүнчлэн нэгдсэн дүнгээр эхний зургаан байр эзэлсэн их, дээд сургуулиудыг бага онооны журмаар дүгнэн, 1-6 сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгох аж. Оюутны спортын универсиад өмнө нь 2005, 2009, 2013, 2017 онд болж байв. 2018 оны Засгийн газрын 183 дугаар тогтоолын дагуу уг наадмыг 2020 оноос эхлэн хоёр жил тутамд зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Өмнөх наадам цар тахлын улмаас хойшлогдож, 2022 онд болсон билээ. 700 гаруй багц медалийн эзэн тодрох уг наадмын нээлт Спортын төв ордонд ирэх сарын 15-нд болох гэнэ.
Ташрамд дурдахад, 2022 онд болсон V наадамд 33 их, дээд сургуулийн 1800 гаруй оюутан тамирчин оролцсоноос МУИС-ийн баг тэргүүн байрт шалгарч байжээ.