Малайзын султан Абдула эрх барих таван жилийн хугацаагаа дуусгалаа. Тэрбээр Малайзын түүхэнд 16 дахь хаан нь байв. Түүний халааг Ибрагим Исмал ибн Альмахрум Султан Искандар авлаа. Энэ хүн 2023 оны аравдугаар сарын 27-нд таван жилийн хугацаагаар сонгогдоод, 2024 оны нэгдүгээр сарын 31-нд тангаргаа өргөснөөр албаа хашиж эхэлсэн.
Ибрагим 1958 оны султан Искандарын анхны гэргий, англи эмэгтэй Жозефинагийн ууган хүү болж төрсөн байна. Искандар Англид сурч байхдаа энэ бүсгүйтэй танилцсан аж. Жозефина хожим нь дахин нөхөрт гарч, Англи руугаа буцжээ.
Эцэг нь Ибрагимийг дунд боловсролтой болгохоор Австралийн Сидней хот руу явуулж, тэнд 1968-1970 онд суралцуулав. Удмынхан дотроо Ибрагим эцгийнхээ дараа ширээ залгамжлах хоёр дахь хүн байлаа. Дунд сургуулиа төгсөөд Армийн бэлтгэлийн төвд орж, цэргийн бэлтгэл хийв. Дараа нь АНУ-д очиж Жорж болон Умард Каролина мужид цэргийн бэлтгэлээ үргэлжлүүлэв.
Ибрагим Жохор мужийн үе залгамжлах хунтайжаар 1981 онд томилогджээ. Улмаар тус мужийн түр захирагчаар 1984-1989 онд ажиллав. Филиппиний сөрөг хүчний улс төрч хүү Бениньо Акиног 1983 оны наймдугаар сарын 21-нд Манила хотын олон улсын нисэх онгоцны буудал дээр алуулахаас өмнөхөн Ибрагим түүнтэй Сингапурт уулзаж байжээ. Акино Жохорт очиж, Ибрагимийн эцэг, дотнын нөхөр Искандартай басуулзсан байна.
Захирагчдын бага хурлаар 2023 оны аравдугаар сарын 27-нд Ибрагим Исмаилыг 17 дахь Ян ди-Пертуан Агонг буюу Малайзын хаанаар өргөмжлөв. Ибрагим 1982 онд султан Идрис Шах II Перакийн охин Софиятай гэрлэж, тэд зургаан хүүхэдтэй болжээ. 1984 онд төрсөн ууган хүү Абу Бакар нь 2010 онд султан Ибрагимыг өндөр дээд суудалд заларсны дараа түүний залгамжлагч болсон байна. Абу Бакарын дараа дөрвөн хүү, нэг охин төржээ.
Ибрагим эрх мэдэлтэй болоод зарим мужийн амралтын өдрүүдийг өөрчилсөн аж. Тухайлбал, бусдаасаа илүү аж үйлдвэржсэн Жохор мужийг хөрш Сингапур болон Куала-Лумпуртай үйл ажиллагааг нь уялдуулахын тулд 1994 оноос бямба, ням гарагт амардаг болгожээ. Гэвч султан Ибрагимийн төрсөн өдрийг тэмдэглэх үеэрбуюу2013 оны эцсээр тус мужийг баасан, бямба гарагт амардаг болгосон ч Сингапуртай хамтран ажилладаг хувийн бизнес эрхлэгчдийн зүгээс эсэргүүцэлтэй тулгарчээ.
Мөн зарим районы нэрийг өөрчилж, электрон тамхи хэрэглэхийг хориглох шийдвэр Ибрагим гаргаад байна. Хүн амынхаа эрүүл мэндийн төлөө гаргасан энэ шийдвэрээ 2016 оноос эхлээд Жохорт хэрэгжүүлэв.
1980-аад оноос Ибрагимийн нэр эрүүгийн элдэв гэмт хэрэгтэй холбогдох болсон. Энэ нь түүний нэр хүндийг сэвтүүлсэн байна. Гэхдээ хэвлэлд гарсан мэдээллээр бол түүний үйлдсэн хэрэг эцгийнхтэй нь эн зэрэгцэхгүй гэнэ. Эцэг Искандар нь 1980-аад онд шөнийн клубт нэгэн эрэгтэйг буудсан ч удалгүй өршөөгдсөн аж. 1992 оныэцэс, 1993 оны эхээр эцэг, хүү хоёр нь хам хэрэгт холбогдож, эцэст нь хааны гэр бүлийн гишүүд эрүүгийн хэрэг үйлдвэл хариуцлага хүлээж байхаар зохицуулсан өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулахад хүрчээ. Энэ үед Малайзын Засгийн газрын дэмжлэг хүлээдэг хэвлэлүүд Ибрагим 1980-аад онд дор хаяж хоёр гэмт хэрэг үйлдсэнийг парламентын гишүүд илчилсэн тухай шуугиан тарьсан материал нийтэлжээ. 2005 оны гуравдугаар сард Малайзын хааны гэр бүлийн нэгэн гишүүн Ясмин гэх эмэгтэй рүү дайрч довтолсон байна. Тэгэхдээ уг эмэгтэйг цагдаатай нийлж өөрийг нь хоёр ч удаа зодсон гэж хааны гэр бүлийн гишүүн буруутгажээ. Тэр дайрч довтолсон хүн нь мөнөөх Ибрагим байсныг охины эцэг цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөлдөө бичсэн байв.
Үүнээс хойш долоон сарын дараа Жохор мужийн ханхүү нэгэн хуримын ёслол руу дайран орж, зодоон цохион үүсгэжээ. Энэ нь нэгэн эмэгтэй урилгагүй зочдын хэн нэгэнтэй бүжиглэхээс татгалзсантай холбоотой байсан гэнэ. Хуримын хэд хэдэн зочныг Пулау-Рава арлаас даруй явахыг ханхүү зарлиг болгожээ. Энэ үед болсон зодоонд оролцогчдоос цөөнгүй хүн бэртэж гэмтээд эмнэлэгт хүргэгдэж, таван хүн баривчлагдсаны нэг нь Жохорын захирагчийн үе залгамжлагч байв. Цагдаа нар харин буруутны нэрийг олонд зарлалгүй өнгөрсөн аж. Дараа жил нь Ибрагим 2000 оноос замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас торгууль хүлээснээ төлөхгүй явсаар бас л хэл ам болов. Харин хожим нь торгуулиа төлсөн байна.
Ибрагим машины анхаарал татам дугаарт мөнгө харамгүй зарцуулдаг нэгэн. 2012 онд улбар шар өнгөтэй “Satria neo” машиндаа WWW үсэгтэй дугаар авахад 520 000, 2014 онд хөх өнгөтэй “Suprima S” машиндаа W1W дугаар авахад 748 000, 2016 онд 836 660 ринггит зарцуулсан байна. Түүгээр зогсохгүй FF1 дугаарт 1.2 сая, GOLD дугаар 1.5 сая ринггит зориулж байжээ.
Энэ хаан ер нь бусдаас онцгойрох, тансаг дүр төрхтэй байх, өөрийн сонирхсон ямар ч зүйлд мөнгө зарахаас гар татдаггүй аж. Түүнд ховор машины цуглуулага бий. Тансаг зэрэглэлийн 300 машин, хувийн нисэх онгоцны парктай, хувийн армитай. “Rolex yacht master 40” хэмээх үнэт чулуун шигтгээтэй цаг зүүнэ. Энэ нь 48 100 фунт стерлингийн үнэтэй бөгөөд эдэлгээ, хэлбэр, хийц сайтайгаараа дэлхийд алдартай.
Ибрагим одоогийн албан тушаалдаа ирэхийн өмнө үндэсний нефтийн “Petrolian nasiоnal” компани болон Авлигын эсрэг агентлагийг Ерөнхий сайдын биш, хааны шууд мэдэлд байлгах шийдвэр гаргажээ. Түүнчлэн Малайз, Сингапурын хооронд тавьсан байсан хурдны галт тэрэгний замыг сэргээхээр төлөвлөж буйгаа ярьдаг байж. Малайзын засаг захиргааны эрх мэдэл Ерөнхий сайд хийгээд парламентад хадгалагдаж байдаг болохоор хаан нь ёслолын чанартай үүрэг голлон гүйцэтгэнэ. Гэхдээ л хаан нь Засгийн газар, зэвсэгт хүчний тэргүүний үүргийг нэр төдий ч гэлээ хүлээдэг, лалын шашин, малайн уламжлалыг хамгаалагчийн хувьд өндрөөр үнэлэгддэг аж. Бүх хууль хүчин төгөлдөр болох, Сайд нарын танхимын гишүүдийг томилох, бүх нийтийн сонгууль явуулахын тулд парламентыг тараахдаа хааны зөвшөөрлийг авдаг. Мөн улс орондоо онц байдал зарлах, гэмт хэрэгтэнд өршөөл үзүүлэх эрхийг хаан эдэлнэ.
Малайзын мусульман соёлыг арабчлахыг Ибрагим эсэргүүцдэг. Тэрбээр Малайздаа дээд боловсролгүй ганц султан боловч Жохорт хүмүүс чанартай боловсрол эзэмших боломж олгохын төлөө тэмцдэг байна.
Бэлтгэсэн Р.Жаргалант