Цагийн байдлын ямар ч үед өгөгдсөн үүргийг онц-сайн биелүүлэхийн тулд алба хаагчид маань үл шантарч, сэтгэлийн хүчээр тэмүүлж явна.
Хөвсгөл аймагт үүрэг гүйцэтгэхээр томилогдсон барилгачин дайчид ч бусад нөхдийнхөө хамт ургах нарнаар үдшийн бүрий хүртэл малчдад туслах, зав даваа гаргах ажлыг гүйцэтгэж байна.
Малчдад туслахаар Орхон аймгаас Хөвсгөл аймаг руу хөдөлгөөн үйлдэж очсон Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн барилгачин дайчдын нэг сургагч ахлагч Б.Сүхбаатар, ахлагч Л.Эрхэмбаяр гэхэд Цагаан-Уул суманд үүрэг гүйцэтгээд тун завгүй байна. Тэд бүр уржигдар шөнө тээврийн ажлаа арай гэж амжуулчхаад сумын төв рүү буцахдаа цасанд сууж, хээр хонох дөхсөн ч цэргийн жолоочийн ур чадвар гаргаж машинаа түүртэлгүй асааж эргэж тээвэртээ давхисаар байна. Өдөрт дунджаар замын бартаа саадаас хамааран 3-4 айлд өвс тэжээл хүргэж, байгалийн хатуу бэрхэд сөхөрсөн малчдынхаа магнайг тэнийлгэж, өөрсдөө ч баярласан сэтгэлд нь урамшин давхисаар байна.
Хошууч М.ХИШИГБАЯР