СЗХ-ны өчигдрийн ээлжит хуралдаанаар тус хорооны 2020 оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн Ногдол ашиг тараах ажиллагааг нарийвчлан тогтоох тухай 28 дугаар тогтоолд өөрчлөлт оруулж, компаниудын ногдол ашиг тараах хугацааг нарийвчлан тогтоолоо. Тодруулбал, ногдол ашиг олгохоор шийдвэрлэсэн компаниуд санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор буюу дөрөвдүгээр сарын 30-наас өмнө үүнийг хуваарилж дуусган, тайлангаа СЗХ-нд ирүүлж байх үүргийг ХК-иуд хүлээх нь. Энэ нь хувьцаа эзэмшигчид ногдол ашгаа хугацаанд нь түргэн шуурхай авахын сацуу хөрөнгө оруулагчдын зах зээлд итгэх итгэл, идэвхийг нэмэгдүүлж, тэдгээрийн эрх ашгийг хамгаалахад ач холбогдолтой гэнэ.
Мөн төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг нийтэд нээлттэй худалдах чиглэлийн дагуу “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн нэмж гаргаж буй үнэт цаасыг олон нийтэд санал болгохыг зөвшөөрчээ. Ингэснээр тус компани хувьцаагаа нийтэд санал болгон гаргаж буй төрийн өмчит хоёр дахь компани болж байна.
Бэлтгэсэн: Б.Сонор