Армен-Азербайжаны хооронд 2020, 2023 онд болсон томоохон хэмжээний тулгаралт Азербайжаны талд шийдэгдсэний дараахан Франц улс Арментай харилцаагаа бэхжүүлж, эхний ээлжийн зэвсэглэл нийлүүлж эхэллээ. Францын Батлан хамгаалахын сайд Себастиен Лекорну Ереванд хоёрдугаар сарын 22-ны өдөр айлчилжээ. Хоёр улсын Батлан хамгаалахын сайдууд өнгөрсөн оны аравдугаар сард уулзах үед Армены БХЯ, Францын Тэйлс (Thales) Батлан хамгаалах групп хооронд Арменд нэн шинэ үеийн GM-200 радарын систем нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурсан. Энэ үед Францын Батлан хамгаалахын сайд: Франц улс Арменд радарын гурван систем нийлүүлж агаарын довтолгооноос хамгаалах чадавхаа сайжруулахад нь туслахаар шийдвэрлэсэн, цаашид Мистрал (Mistral) агаарын довтолгооноос хамгаалах пуужин нийлүүлнэ гэж мэдэгдсэн байна. Ойрын зайн газар-агаар ангиллын пуужинг Арменд нийлүүлэх урьдчилсан хэлэлцээрт хоёр талын сайдууд өнгөрсөн аравдугаар сард гарын үсэг зуржээ.
Түүнээс гадна Франц Армены хуурай замын хүчний чадавхыг дээшлүүлэх зорилгоор 50 ширхэг “Bastion” явган цэргийн байлдааны машин олгохоор болсны эхний ээлж болох 24 нэгж нь Арменд энэ оны эхээр ирсэн байна. GM-200 радарууд болон шөнийн дуран харааны хэрэгслүүдийг Армен хүргэж ирнэ гэж хоёрдугаар сарын 22-нд Францын хэвлэл мэдээллээр мэдээлсэн боловч Францын Батлан хамгаалах яам энэ талаар тайлбар өгөхөөс татгалзжээ. Энэхүү GM-200 радарын систем нь байлдааны нисэх онгоц, дрон, пуужинг 250 км-ийн зайд нэгэн зэрэг илрүүлэх, мөрдөх чадвартай агаарын довтолгооноос хамгаалах нэн чухал хэрэгсэл юм. Армен батлан хамгаалах чиглэлийн худалдан авалтаа өнгөрсөн жилийн хугацаанд нэг өсгөжээ. Батлан хамгаалах чиглэлийн зэвсэглэл, техник худалдан авахад 2022 онд 700-800 сая ам.долларыг зориулж байсан бол өнгөрсөн жил энэ тоо $1.5 тэрбум ам.долларт хүрлээ.
Эх сурвалж: Стратеги судалгааны хүрээлэн