Яг энэ цаг үед Зэвсэгт хүчний алба хаагчид хөдөө аж ахуйн салбарт үүсээд байгаа гамшиг, хүндрэлийг арилгаж бууруулахад өргөн бүрэлдэхүүнээр оролцож байна. 16 аймгийн нутаг дэвсгэрт малчин айл өрхүүдэд өвс тэжээл хүргэх, зам даваа нээх үүргийг Зэвсэгт хүчний 25 нэгтгэл, ангиас томилогдсон 200 гаруй цэргийн алба хаагч туулц сайтай 100 орчим нэгж техниктэйгээр гүйцэтгэж байгаа юм.
Хаваржилтын хүндрэл, нөхцөл байдлаас улбаалан ЗХЖШ-ын даргын тушаалаар Зэвсэгт хүчний зарим нэгтгэл, ангийн удаан хугацааны хадгалалтад байсан нэгж техникүүдэд Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн алба хаагчид сэргээн сайжруулах үйлчилгээ хийж байгаа бөгөөд эхний ээлжний техникүүд нь бэлэн болж, үйл ажиллагаандаа ашиглаж эхлээд байна. Тухайлбал, Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн удаан хугацааны хадгалалтад байсан нэгж техникүүдийн дөрвөн “Урал”-д сэргээн сайжруулах үйлчилгээ хийгдэж, 2 дугаар сарын 23-ны өдрөөс Өвөрхангай, Архангай аймаг руу хөдөлгөөн үйлдүүллээ. Сэргээн сайжруулалт хийгдсэн техникээр артиллерчин дайчдаас дэслэгч М.Чойнхороор ахлуулсан найман цэргийн алба хаагч өвс тэжээл хүргэх, орон нутгийн зам давааг нээх ажлыг яг энэ цаг үед гүйцэтгэж байна.
Түүнчлэн зарим аймгуудад үүрэг гүйцэтгэж байгаа бүрэлдэхүүнд хүч нэмэгдүүлэхээр Зэвсэгт хүчний 234 дүгээр ангиас дэслэгч Н.Бат-Эрдэнэ, Б.Батжаргал нараар ахлуулсан 6 цэргийн алба хаагч Булган аймгийн Могод, Гурванбулаг суманд, Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн ахлах ахлагч Ө.Эрдэнэ-Очироор ахлуулсан бүлэг Төв аймгийн Баянцагаан суманд тус тус ажиллаж эхэллээ.