Хималайн уулсын өвөрт орших Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Балба Улсын нийслэл Катманду хотноо 2024 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр энэ оны хамгийн том үндэстэн дамнасан дөрөв дэх удаагийн “Шанти Праяс” олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургуулийн нээлтийн ёслолын ажиллагаа болов. Бүгд Найрамдах Ардчилсан Балба Улсын Зэвсэгт хүчин, АНУ-ын Энэтхэг-Номхон далай дахь цэргийн командлал болон дэлхийн энхийн ажиллагааны санаачилга хөтөлбөртэй хамтран зохион байгуулж буй тус сургуульд дэлхийн 5 тивийн 19 улсын 1100 гаруй энхийг сахиулагчид оролцож байна.
Энэхүү олон улсын сургууль нь энхийг сахиулах ажиллагааны хүчний командлалд үүрэг гүйцэтгэх офицеруудыг бэлтгэх, салааны бие бүрэлдэхүүнийг тактикийн арга ажиллагаанд сурган дадлагажуулах гол зорилготой аж.
Мөн түүнчлэн олон улсын энхийг дэмжих ажиллагаанд оролцох бие бүрэлдэхүүний сургалтыг штабын сургалт, салаадын сургууль, чадавхыг нэмэгдүүлэх сургалт гэсэн үндсэн 3 чиглэлээр бэлтгэн явуулах ба Монгол Улсын Зэвсэгт хүчнээс анх удаа Агаарын цэргийн болон Барилга инженерийн цэргийн анги, салбарын алба хаагчдаас бүрдсэн холимог салаа орж байгаа нь онцлогтой юм.