Реппер, найруулагч, продюсер Rokit Bay буюу О.Баярсайханы үүсгэн байгуулсан “Beer night” студийнхэн хоёр дахь видео тоглоомоо бүтээж, хөгжүүлэх ажил нь өдгөө үргэлжилж буй юм байна. “Carnival hunt” нэртэй эл тоглоомдоо зориулан хөрөнгө босгох зорилгоор тэд “Kickstarter” платформоор дамжуулан өнгөрсөн оноос эхлэн кампанит ажил өрнүүлжээ. Дээрх студийнхэн кампанит ажлаараа дамжуулан 50 000 ам.доллар босгох зорилго тавьсан аж. Тэгвэл үр дүн нь үүнээс хоёр дахин илүү гарчээ. Тодруулбал, тэд 1470 хүнээс 122 426 ам.долларын санхүүжилт авч чадсан байна. “Carnival hunt” нь аймшгийн төрлийн тоглоом бөгөөд ирэх зургаадугаар сард нээхийг “Kickstarter”-т мэдээлжээ. Энэ нь мөн Монголын анхны олон тоглогчтой, 3D тоглоом гэдгээрээ онцлогтой. Ташрамд дурдахад, “Beer night” студийнхэн анхны видео тоглоом болох “Fragile”-аа 2020 оны арваннэгдүгээр сард нээж байв.