Сар шинийн золгуут шувтарсан ч уг баяраар халхавчилсан одон, медалийн найр наадам дуусаагүй. Тэнд ч Алтан гадасны найр, энд ч СТА-ны угаалга үргэлжилж буй. Амралтын гурван өдөр багадсан бололтой, ирэх жилүүдэд илүү олон хоног амрахаар хуулийн төсөл санаачилна хэмээн зарим нэг гишүүн ярьж явна. Тодруулбал, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг "Цагаан сараар ажлын тав хоног амардаг болох" санаачилгыг гаргаж, хуульд өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа аж. Тэгж чадвал илүү олон хоног баярлаж, илүү олон хүнийг шагнах бололтой юм. Ер нь шагналын тогтолцоо Монголд утгаа алдаж, хамгийн элэг хөшөөм зүйл нь болоод удаж буй. Сонгуулийн жил учраас энэ онд бүр ч онцгой байх шиг. Баяраас өмнө баахан хүн шагнуулав. Сүхбаатарын талбайгаар дүүрэн цэцэг, шоколад барьж, бие биедээ баяр хүргэсэн хүмүүс. Төрд шийтгэх эрх нь байдаг бол шагнах үүрэг нь ч бий. Гэхдээ арай л утгаа алдаад байх шиг. Тэр дундаас олны хамгийн дургүйцлийг хүргэсэн нь хошин шогийнхон байв. Тухайлбал, “Эмоци” продакшны жүжигчин О.Тэмүүжин "Алтангадас" одон хүртсэнийг “бай”-гаа олоогүй явдал гэж үзэв.
Алтан гадас нь БНМАУ-ын үед бий болсон Монгол Улсын төрийн одон. Цол, тэмдэг, одон, медалийн дүрэм”-д бичигдснээр "Алтан гадас" нь одонгийн зэрэглэлээр дөрөвдүгээрт бичигддэг. Жүжигчин О.Тэмүүжин ийм хүндтэй шагнал авахаар юу хийв. Бүтээсэн дүрүүдэд нь нийгмийн соён гэгээрүүлж, ухааруулсан утга бүхий дүр байв уу хэмээн ард иргэдийг эргэлзэхэд хүргэв. Өөрөөр хэлбэл, энэ хүндтэй шагналууд жинхэнэ эздээ оносонгүйг олон нийт шүүмжилж байна. Угаас хошин шогийнхон нийгмийн ямар ч хурц жагсаал цуглаан, хэцүү цаг үед талбай дээр ирж үгээ хэлж, болохгүй асуудлыг хөндөж байгаагүй санагдана. Харин сонгуулийн үеэр дийлэнх нь худалдагдаж, болсон болоогүй рекламд нэр нүүрээ зараад явах нь олонтаа.
Хошин шог гэдэг мөнхийн урлаг мөнөөс мөн. “Хошин шоггүй бол энэ хорвоо уур уцаар, уйтгар гуниг, хэрүүл маргаанд хүлэгдсэн мөнхийн тамлалд тарчлах байсан биз” хэмээн Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди хэлсэн удаатай. Үнэхээр ч Чарли Чаплин нэрээрээ алдаршсан Английн инээдмийн жүжигчин, кино найруулагч Чарльз Спенсер Чаплинаас эхлээд хүн бүрийн сэтгэлд тод үлдсэн инээдмийн жүжигчин олон бий. Гэвч манай улсад эсрэгээрээ бие биеэ доромжлохыг хошин шог гээд ойлгочихсон. Элэглэхийн тулд биш эмгэнэхийн тулд, ухаарлын бус гутаан доромжлохын тулд тэд бүхнээ зориулаад байх шиг. Үүнийг нь төр үнэлж, СТА-аас эхлээд Монгол Улсын Гавъяат цол тэмдэг олгож буй нь нууц биш. Тиймээс хүний хөдөлмөрийг намаар бус, хийж бүтээсэн хөдөлмөрлөснөөр нь хэзээ үнэлж сурах вэ хэмээн олон нийт дургүйцэж буй.
Тухайлбал, Монголд сувилахуйн шинжлэх ухаан хөгжөөд 100 жилийг үдэж буй. Сувилагч нар эмнэлгийн хүний нөөцийн 60-70 орчим хувийг бүрдүүлж, ажлын хүндийг нугалдаг хэрнээ Монгол Улс түүхэндээ ганцхан ГАВЪЯАТ сувилагчтай. Мөн 80 жилийн түүхтэй сургууль ганцхан гавъяат багштай, хуруу дарам цөөн хүн Алтангадас одонтой, тэд нь 70-аас дээш настай ахмад багш байх жишээтэй. Гэтэл найман жилийн түүхтэй хошин шогийн продакшны тал нь Гавъяат, тал нь одонтой. Харин Монгол Улсын Консерваторийн багш, профессор Г.Занаа мэргэжлийн төгөлдөр хуурын багшаар 40 гаруй жил ажиллахдаа 100 гаруй шавь төрүүлжээ. Гэвч төр түүнээс шагналаа харамласаар. Мөн Монгол Улсын есөн удаагийн аварга, дэлхийн алт, мөнгөн медалийн эзэн, физикийн багш Б.Түвдэндоржоос Монголын төр гавъяа шагналаа харамласан. Магад тэрбээр бөх эсвэл дуучин, жүжигчин байсан бол Чингис хаан одон, Гавъяат, Хөдөлмөрийн баатар цолыг хэдийнэ хүртчих байсан болов уу. Гэвч тэрэнд өнөөдөр эдгээрийн аль нь ч алга. Монгол төрийн шагналын тогтолцоо 1990 онд социализмтайгаа хамт мөхчихсөн гэлтэй арай өөр өнцгөөс харж XXI зуунд шагналын шинэ тогтолцоо нэвтрүүлчихсэн бол Монголд нарциссизмын өвчнийг хумиад авч болох байсан байх.
Энэ бүхэн монголчууд бидний оюуны ядуурал хэрээс хэтэрснийг л харуулж байгаа юм. Өнөөдрийн талхнаасаа өөрийг сэтгэж чадахгүй болсон бид одоо хэндээ гомдох вэ дээ.