Номин их сургуулиа төгсөөд нэгэн томоохон компанид борлуулалтын менежерээр ажилд оржээ. Тухайн компани сул орон тоонд ажилтан авах зар түгээхдээ “Гадаад хэлтэй, багаар ажиллах чадвартай залуусыг сургаж, чадавхжуулж авна. Ажлын туршлага шаардахгүй. Хариуцлагатай, чадвартай залуусыг бид бүхий л нөхцөлөөр дэмжиж ажиллана” гэсэн нь түүнд онцгой, таатай сэтгэгдэл төрүүлсэн гэнэ. Нэгдүгээр дамжаанаасаа л янз бүрийн ажил хийн хэрэглээний зардлаа зохицуулж ирсэн, цагийн менежмент, хувийн зохион байгуулалт сайтай, англи хэлээр хэнтэй ч зовлонгүй ойлголцож, ярилцчихдаг тэрбээр энэ ажлыг түүртэлгүй хийнэ гэдэгтээ бүрэн дүүрэн итгэлтэй байж. Гэтэл түүнийг ажлаа хүлээж авсан үеэс асуудал, зөрчил ундарчээ.
Z үеийнхэн 2020 онд хөдөлмөрийн насны хүн амын 12 хувийг эзэлж байсан бол 2025 онд 23, 2030 онд 34, 2035 онд 43 хувийг бүрдүүлнэ гэж судлаачид тооцоолж буй. Тодруулбал, 10 жилийн дараа гэхэд манай улсын хөдөлмөрийн насны хүн амын тал шахам хувийг энэ үеийнхэн эзэлнэ гэсэн үг.
Сургаж, чадавхжуулах нь байтугай ажлынх нь чиг үүргийн талаар ч дорвитой мэдээлэл өгөөгүй аж. Бичиг баримт бүрдүүлэх, гарын үсэг зуруулах, тайлан тооцоо шивэх зэрэг ажилд голдуу дайчлагдах болжээ. Олон жил ажилласан хүмүүс нь “Залуугаараа миний дүү үүнийг хийчих, тийшээ явчхаад ир” гэхчлэн элэг барьж эхэлж. Хэлтсийнх нь дарга “Манайд худалдааны ажилтны орон тоо сул байгаа. Шинэ ажилтан автал түр хугацаанд чи давхар хариуцаарай” гэжээ. Гэрээнд зааснаар бол ажлын цаг нь 09.00-17.00 ч хэт ачаалалтай, нааш цааш их явдгаас гэртээ 20.00, 21.00 цаг гэж харьдаг болсон гэнэ. Үүнийг дагаад амьдралынх нь хэв маяг алдагдаж, өөртөө цаг гаргах ч аргагүйдэж. Ингээд тэрбээр хоёр сар хэртэй гүрийгээд, ажлаасаа гарахаар шийджээ. Үүнийгээ удирдлага, хамт олондоо хэлтэл илтэд дургүйлхэж “Өөр ажилтан олтол ажиллаж бай” гэж тушаах, зандрах маягтай хэлсэн байна. Ингээд Номин дахин нэг сар орчмын хугацаанд гүрийх шаардлагатай болжээ.
Тэрбээр “Анх сайхан зүйл бодож, чадлаараа хичээнэ гэсэн хүсэл тэмүүлэлтэйгээр ажиллаж эхэлсэн. Их сургуульд суралцах хугацаандаа өөрийгөө бүрэн дүүрэн хөгжүүлж, шаардлагатай ур чадваруудыг эзэмшсэн. Гэсэн ч энэ бүхнийгээ дайчлах, өөрийгөө батлан харуулах боломж олгоогүй. Ажил үүргийн хуваарилалт тодорхойгүй учраас хүний амаар л хөдөлдөг хүн болчихсон байсан. Хамт олны таагүй уур амьсгал, ялгаварлах хандлага зэрэг нь миний сэтгэл зүй, ажлын бүтээмжид сөргөөр нөлөөлсөн. Тэнд ажиллах хугацаандаа өөрийгөө бараг мартсан гэхэд болно. Ажиллахын зэрэгцээ магистрт суралцана гэж боддог байсан минь талаар болсон. Хамт ажилладаг хүмүүс “Чи шинэ ажилтан учраас илүү их хичээх ёстой, цаг гаргах шаардлагатай” гэсэн байдлаар ханддаг байсан учир эхэндээ цагт ер баригддаггүй, өөр дээрээ нэлээд ачаалал авдаг байлаа. Сүүлдээ туйлдсан. Давхар сурах нь байтугай дуртай зүйлсдээ ч цаг гаргаж чадаагүй. Одоо би хувиараа албан баримт бичиг, судалгааны ажил орчуулж байгаа. Байгууллагын удирдлага, хамт олны харилцаа, хандлага, ажлын орчин нөхцөл ямар чухал болохыг өнгөрсөн оны зун ойлгосон” гэсэн юм.
Номин цаашид ажилд орохдоо няхуур, тодорхой, хатуу байх зарчим баримтлахаа хэлэв. Мөн ямар хамт олон угтах бол, урьдынх шиг нөхцөл үүсэх вий гэх болгоомжлолтой цуг цэрвэх, эмээх мэдрэмж төрж байгаагаа ч ний нуулгүй хэлэв. Энэхүү жишээг онцгойлон дурдсаны учир нь Номинд тохиолдсонтой адил асуудал, бэрхшээл манай улсын хөдөлмөрийн зах зээлд нийтлэг үзэгдэл болоод байна.
Өнөө цагт компани, байгууллага болгон хүний нөөцөөр хомсдож буй гэхэд хилсдэхгүй. “Төдөн сая төгрөгийн цалинтай ажил хийх хүн олдохгүй байна” гэх гомдол, “Хариуцлагатай, бүтээлч залуусыг ажлын туршлага хамаарахгүй сургаад авна” гэсэн зар сүүлийн үед олширсон нь үүний баталгаа. Ажил олгогчдын нэг хэсэг нь хэт өндөр шаардлага, шалгуур тавьж байна. Цэвэрлэгч, худалдагч нараас хүртэл дээд боловсрол, гадаад хэлний ур чадвар нэхэх болж.
Нөгөө талдаа “Ажлын туршлага харгалзахгүй, хүсэл эрмэлзэлтэй байхад л хангалттай” гэх наалинхай үгсээр залуусыг урин дуудчихаад хэлсэндээ хүрдэггүй, чиг үүргийнх нь бус ажил хийлгэдэг, хуучны арга барилаар ханддаг явдал газар авчээ. Гэтэл “Digital native” буюу Z үеийнхэн гэж тодорхойлдог өнөөгийн залуус цаг үеийн хөгжлөө дагаад ажлын байр, хөдөлмөрийн харилцаа гэдэг зүйлийг тэс өөрөөр харж, хүлээж авч байна.
Тэд хатуу чанд бус, уян хатан нөхцөлд ажиллахыг илүүд үздэг. Өглөө тогтмол цагт цуглаж, орой мөн нэгэн хэрд тардаг хуучны, уйтгартай тогтолцоог сөрдөг. Сандал бөглөж суусан цагаараа бус, хийсэн ажлынхаа үр дүнгээр, бүтээмжээр хөдөлмөрөө үнэлүүлэхийг чухалчилдаг. Хамт олны уур амьсгал, ажиллах орчин нөхцөл, хувь хүний өсөлт хөгжлийг дэмжих бодлого энэ цаг үеийнхний хувьд хамгийн чухал нь. Техник, технологийн хөгжлийн үр дүнд бий болсон давуу талууд, цар тахал зэрэг гэнэтийн сорилтоос шалтгаалсан хүчин зүйлийн нөлөөгөөр залуус алсын зайнаас, цахимаар ажиллах нь олширсон. Энэ хэв маяг цаашид улам дэлгэрч, хөдөлмөрийн зах зээлд тренд болохыг Олон улсын хөдөлмөрийн байгууллагын тайланд дурдсан байна билээ. Тийм боломж нь ч жилээс жилд улам өргөжсөөр буй гэнэ. Харамсалтай нь, ажил олгогчид бодит нөхцөл байдлаа үнэлж, мэдрэхгүй тас харанхуйгаар зүтгүүлж байгаагаас хөдөлмөрийн зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн гажуудал, үл ойлголцлын хана хэрэм босчихлоо.
ХНХЯ-ныхан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институт, бизнесийн судалгааны MMCG компанитай хамтран “Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн дунд хугацааны (2024-2035 он) эрэлт, нийлүүлэлтийн таамаглал” судалгааг 2023 онд хийж, энэ жилийн эхэнд танилцуулсан билээ. Үүгээр манай улсын хөдөлмөрийн зах зээлд 300 мянга гаруй ажилтан дутагдаж байгааг тогтоосон. Төрөлт буурсан, гадаад руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн эрчимжсэн, албан бус хөдөлмөр эрхлэлт нэмэгдсэн, их, дээд сургуульд элсэгчдийн тоо сүүлийн таван жилд буурсан зэрэг нь ажиллах хүч хомсдоход нөлөөлсөн ч шинэ үеийн залуусын хандлага, арга барилаас шалтгаалсан үл ойлголцол ч үүнд “хувь нэмэр” оруулж байгааг судлаачид дурдсан юм. Тиймээс “Шинэ мянганы залуус ирээдүйд ажиллах хүчний зонхилох хувийг бүрдүүлэх тул хүний нөөцийн бодлогоо эрс шинэчлэх шаардлагатай” гэж зөвлөсөн.
Z үеийнхэн 2020 онд хөдөлмөрийн насны нийт хүн амын 12 хувийг эзэлж байсан бол 2025 онд 23, 2030 онд 34, 2035 онд 43 хувийг бүрдүүлнэ гэж судлаачид тооцоолж буй. Тодруулбал, 10 жилийн дараа гэхэд манай улсын хөдөлмөрийн насны хүн амын тал шахам хувийг энэ үеийнхэн эзэлнэ гэсэн үг. Тиймээс өдгөө үүсээд байгаа хямралыг урт хугацаанд үргэлжлүүлэхгүй, туйлд нь хүргэхгүйн тулд одооноос энэ чиглэлд анхаарч, бодлогын түвшинд өөрчлөлт, шинэчлэл хийх шаардлага тулгарлаа.
Дэлхийн орнууд, олон улсын байгууллагууд шинэ мянганы залуусын зан төлөв, онцлог, ур чадвартай холбоотойгоор хөдөлмөрийн зах зээлд гарч буй өөрчлөлтүүдийг нарийвчлан судалж, үүндээ үндэслэн бодлого, менежментээ шинэчилж эхлэв. 470 мянга гаруй ажилтантай, 150 улсад үйл ажиллагаа явуулдаг, аудит, зөвлөх үйлчилгээ, үнэлгээний “Делойтте” фирм гэхэд энэ чиглэлээр жил бүр судалгаа хийж, өөрчлөлтийн давлагаанд бэлтгэлтэй байхыг улс орнуудад зөвлөсөөр байна. Тус байгууллагынхан өнгөрсөн онд 44 орны 22 000 гаруй залуусыг хамруулан “Z үеийнхэн ба шинэ мянганыхан” сэдэвт судалгаа хийгээд “2030 он гэхэд дэлхий дахинд нийгэм, эдийн засаг, байгаль орчин, уул уурхай зэрэг бүх салбарт энэ үеийнхэн гол тоглогч болж, хүчтэй нөлөө үзүүлнэ, үүний эхлэл 2026 оноос тавигдана” гэж таамаглажээ. Иймд тэдний онцлогт нийцсэн уян хатан нөхцөл бүхий ажлын байрыг бий болгоход анхаарах хэрэгтэй хэмээн тэмдэглэсэн байна.
Манай улсад сүүлийн жилүүдэд хийж буй хөдөлмөрийн зах зээлийн судалгаануудын үр дүн ч биднийг өөрчлөлтийн давлагаанд бэлэн байхыг “сануулах” болсон. ХНХЯ-ныхны олон улсын байгууллагуудтай хамтран 2021 онд хийсэн “Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн болон ирээдүйн ажлын байрны эрэлт, нийлүүлэлт” судалгаагаар ч одоо хөндөгдөж буй асуудлууд илэрч байж. Судлаачид тухайн үед мөн л дээрхтэй ажил зүйлс ярьж байсан аж. Даанч үүний дагуу дорвитой зүйл хийлгүй өдий хүрэв. Наанадаж дээд боловсролын тогтолцоо, мэргэжилтэн бэлтгэх сургалт, хөтөлбөрөө хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, онцлогтой уялдуулж чадахгүй хөглөсөөр өнөөдөртэй золголоо. Ажил олгогч, ажилтан хоёр тас гэдрэгээ хараад суучихсан, бие биенээ муучлан шүүмжлэх явдал гаарав. Үүний үр дүнд Номин шиг яах учраа олохгүй, ажил хийхээс халширсан залуус Монголд олширсоор байна.