“Ноёд” групп, “Сэлэнгэ ноёд” ХХК-ийн захирал Г.Буяндорж, иргэн Д.Батжаргал, “Скай тауэр Энхбуян” компанийн захирлаар ажиллаж байсан Ч.Ууганбаяр, БНХАУ-ын ӨМӨЗО-ы иргэн, “Ахон” компанийн захирал Э.Хурцаа нарт холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хэлэлцжээ. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн өнгөрсөн оны есдүгээр сарын 29-ний шийтгэх тогтоолыг Б.Буяндорж, Д.Батжаргал болон тэдний өмгөөлөгч нар эсэргүүцэн давж заалдах гомдол гаргасан аж.
Цагдаагийн байгууллагад 2014 оноос хойш шалгасан, 34 хавтас бүхий хэрэгт НПГ-аас Эрүүгийн хуулийн холбогдох заалтыг үндэслэн яллах дүгнэлт үйлдэж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм. Тэд хуурамч баримт бичиг ашиглан 2011 оны зургаадугаар сарын 27-нд “Гэрээний дагуу төлбөр буцаах тухай” 86/25 дугаартай албан бичгийг БНХАУ-ын иргэн Шиан Дуншэний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хурцаа гэх нэрээр үйлдэн “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-д хүргүүлсэн байна. Улмаар тус компани болон БНХАУ-ын Тианжин хотын “Тайшин худалдааны экспорт, импорт” компанийн хооронд мөн оны гуравдугаар сард байгуулсан ELYT-2011-0125 дугаартай гэрээний урьдчилгаа төлбөрт Шиан Дуншэнээс шилжүүлсэн хоёр сая ам.доллароос 1.2 саяыг нь “Скай тауэр Энхбуян” ХХК-ийн эзэмшлийн Худалдаа, хөгжлийн болон “Голомт” банкны дансаар авч залилсан хэрэгт буруутгасан юм. Ингэхдээ Г.Буяндорж нь иргэн Ч.Ууганбаярын нэр дээр “Скай тауэр Энхбуян” гэх компанийг байгуулсан тухай баримт хавтаст хэрэгт байдаг.
Мөн Г.Буяндоржийг хуурамч бичиг баримт ашиглан, зориудаар зохиомол байдал бий болгон бодит байдлыг нуун бусдыг төөрөгдүүлж, их хэмжээний хохирол учруулсан залилах гэмт хэргийг зохион байгуулсан, Д.Батжаргалыг уг хэргийг гүйцэтгэсэн гэм буруутайд тооцсон юм. Улмаар Г.Буяндоржийг 40, Д.Батжаргалыг 35 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн. Түүгээр ч зогсохгүй “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т учруулсан хохиролд Г.Буяндоржоос 671.7, Д.Батжаргалаас 771.7 сая төгрөгийг гурван сарын дотор гаргуулж төлүүлэх, тус төрийн өмчит хувьцаат компани (ТӨХК)-иас 1.5 тэрбум төгрөг, 547.5 мянган ам.долларыг иргэний нэхэмжлэгч Шиан Дуншэнд олгуулахаар шийдвэрлээд байв. Энэ нь хэргийн хүрээнээс хальсан шийдвэр гэж тус үйлдвэрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар гомдол гаргасан аж. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн өмгөөлөгч, төлөөлөгч нарынх нь гомдлыг үндэслэлтэй гэж үзэж, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-иас дээрх мөнгийг гаргуулахаар шийдвэрлэснийг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр нь үлдээлээ.