Руанда Улсын Кигали хотноо 2024 оны зургадугаар сард болох Далайд гарцгүй хөгжиж буй орнууд (ДГХБО)-ын асуудлаарх НҮБ-ын III бага хурлын Засгийн газар хоорондын бэлтгэл хорооны анхны хуралдаан Нью-Йорк хотноо боллоо. Хуралдааныг Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч В.Энхболд болон Австри Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч А.Маршик нар даргалав.
Хуралдааны ерөнхий хэлэлцүүлгийн үеэр НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгч Р.Фатима бага хурлын бэлтгэл ажлын явцыг танилцуулсны зэрэгцээ гишүүн улс, НҮБ-ын системийн болон олон улсын бусад байгууллагын 60 гаруй төлөөлөгч үг хэлж, Кигали хотноо болох бага хурлын ач холбогдол, ДГХБО-ын тогтвортой хөгжилд үзүүлэх хувь нэмрийн талаар санал солилцов.
Хуралдааны үеэр болсон ДГХБО-ын хөгжлийн ирэх 10 жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийн хэлэлцүүлэгт гишүүн улсуудын төлөөлөгчид идэвхтэй оролцож, төгсгөлийн баримт бичигт тусгах санал, байр сууриа илэрхийллээ. ДГХБО-ын асуудлаарх НҮБ-ын Гуравдугаар бага хурлын Засгийн газар хоорондын бэлтгэл хорооны хуралдаан II энэ оны дөрөвдүгээр сарын 29-нөөс тавдугаар сарын 1-ний өдрүүдэд болно. Энэ үеэр бага хурлын төгсгөлийн баримт бичгийн албан бус хэлэлцүүлэг үргэлжилнэ.
Эх сурвалж: ГХЯ