Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутаг, Сүхбаатар депогийн 24 дүгээр км-т төмөр зам дээр хэвтэж байсан хүнийг дайрч амийг нь хохироосон хэрэгт холбогдуулан галт тэрэгний машинч И.Амгалан, туслах машинч Б.Лхагвасүрэн нарт Тээврийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлджээ. Прокурорын байгууллага энэ сарын 5-9-ний хооронд 203 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсний дотор эл хоёр машинчийн хэрэг багтсан юм.
Тэднийг Зам, тээврийн хөгжлийн сайдын баталсан Галт тэрэгний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтны сахилгын тусгай журам, ажлын цагийн хуваарь, хөдөлмөрийн нөхцөлийн 2.1.4-ийн “Хүний эрүүл мэнд, амь нас, хөдөлгөөний аюулгүй байдал болон тээвэрлэлтийн үйл ажиллагаанд хохирол учруулахуйц эвдрэл, гэмтэл, саад илэрвэл нэн даруй галт тэрэгний болон сэлгээний хөдлөх бүрэлдэхүүнийг зогсоох, уул саадтай газрыг хааж хамгаалах, гэмтлийг түргэн засаж арилгах арга хэмжээ авах”, Төмөр замын техник ашиглалтын журмын 14.3.7-гийн В-д заасан “Зам дээр байгаа хүмүүс, суман байдал, хөдлөх бүрэлдэхүүний байрлалыг анхааралтай ажиглах, сонор сэрэмжтэй байх”, 14.3.7-гийн Ё-гийн “Зогсох дохио гэнэт өгөгдөх буюу саад гэнэт тохиолдох үед яаралтай тоормослох бүх арга хэрэгслийг ашиглан сэлгээний бүрэлдэхүүнийг тухайн газарт тогтоосон тоормосны замаас илүүгүй зайд зогсооно” гэснийг зөрчсөнөөс 2021 оны арванхоёрдугаар сарын 18-ний үдэш иргэн М-ыг дайрч амийг нь хохироосон гэж буруутгаж буй аж. Хууль, дүрэм, журамдаа бол 23 метрээс багагүй зайд яаралтай тоормослосон бол тухайн саадад хүрэхгүй зогсох боломжтой байсан ч уг хоёр машинч сонор сэрэмжээ алдсанаас ийнхүү хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас И.Амгалан, Б.Лхагвасүрэн нарт Эрүүгийн хуулийн 27.2-ын “Галт тэрэгний машинч хөдөлгөөний аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг ноцтой зөрчсөнөөс хүний амь нас хохирсон” гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдэж, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.