Монголчууд билгийн тооллын хаврын эхэн сарын шинийн нэгэнд шинэ он гарч, хавар ирж байна хэмээн Цагаан сарыг тэмдэглэдэг уламжлалтай. Битүүний шөнө хамгийн хар өдөр байдаг тул гай барцадыг нь арилгах үүднээс цагаан өдөр болгон тэмдэглэдэг аж. Цагаан сарын шинийн нэгний өглөө эртлэн босч шинэ сайхан хувцсаа өмсөж, хэрүүл маргааныг цээрлэн, ахмад настангууддаа очиж золгодог. Ихэвчлэн тус баярыг шинийн 1-15 хүртэл тэмдэглэдэг байна. Мөн шинийн 5, 8-ны өдрийг хамгийн бэлэг дэмбэрэлтэй сайн өдрүүд хэмээн бурхандаа зул хүж асаан, ном уншуулдаг билээ. Уншигч та бүхэндээ Азийн улс орнууд Цагаан сарыг хэрхэн тэмдэглэдэг тухай мэдээллийг хүргэж байна.
ЯПОН УЛС
Япончууд цагаан сараа “Ошогацү” хэмээн нэрлэдэг бөгөөд энэ нь гурав хоног үргэлжилдэг байна. Битүүний өдөр тэд “сусухарай” хэмээх их цэвэрлэгээ хийж гэрээ цэвэрлэн “омочи, озоны” хэмээх нэртэй цагаан будааны боов хийдэг аж. Гэхдээ баярын ширээний үндсэн идээ, ундаа нь далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн зонхилдог. Үүний зэрэгцээ цагаан будаагаар саки архи исгэж бэлтгэдэг байна. Мөн зоогийн газрууд саки архийг үнэгүй үүдэндээ тавьж, авсан хүнд аж жаргалыг бэлэгддэг байна. Японы Цагаан сарын өөр нэг онцлог нь “Отоши дама” хэмээх ёслол. Энэхүү ёс заншлаар үр хүүхдүүд нь эцэг эхдээ дугтуйнд мөнгө хийж өгдөг. Баярын үеэр япончууд мөн сүм хийддээ очин мөргөл үйлддэг уламжлалтай.
МАЛАЙЗ УЛС
Малайзууд хаврын тэргүүн сарыг тэмдэглэдэг уламжлалтай. Гэхдээ энэ улс европын тооллын шинэ жил, энэтхэг тооллын шинэ жилийг давхар тэмдэглэдэг аж. Тиймээс малайзчууд шинэ жилийн баяруудын хамтад нь тэмдэглэдэг байна. Хаврын тэргүүн сарын эхний хоёр өдөр бүх нийтээр амардаг бөгөөд 15 хоногийн турш баярлаж цэнгэдэг. Гудамжаар малайз үндэсний янз бүрийн хувцас өмссөн хүмүүс бүжиглэж, дуулж, ёслолын буудлага хийлэн байна. Тэдний үндэсний зоог нь “Будааны боов, халуун ногоотой шөл” аж.
ВЬЕТНАМ УЛС
Вьетнамчуудын цагаан сарын баярыг “Тэт” хэмээн нэрийддэг бөгөөд 3-7 хоног үргэлжилнэ. Хятадын соёл иргэншлийн нөлөөгөөр вьетнамчууд цагаан сарыг тэмдэглэх болсон гэж судлаачид үздэг аж. Гэр орон болон албан газраа даль зэрэг олон янзын цэцгээр чимэглэдэг. Мөн “аз жаргал, баяр жаргал” гэсэн утга бүхий бийрийн уран бичлэг бичдэг байна. Энэ нь тэдний хувьд хамгийн үнэтэйд тооцогддог аж. Хятадуудын адил вьетнамчууд мөн нэг нас нэмсний ёслол үйлддэг. Битүүний урьд өдөр гэр орноо чимэглэж, хуучин муу зүйлээ гарган хаяж, ирж буй оноо амжилт бүтээлээр угтдаг заншилтай. Шинэ сар гарахаас өмнө өртэй өглөгтэй хүмүүс өрөө дарж, тооцоогоо дуусгадаг ёстой. Тэд цагаан сараар худалдаа арилжаа их хийж, тэр хэрээр үнийн хямдрал үзүүлдэг байна. Битүүний шөнө хүмүүс бараг унтахгүй бөгөөд хөгшин залуугүй тоглож наадан шинэ өглөөг угтдаг. Харин шинийн 1-ний өдөр бурхан тахилынхаа өмнө таван төрлийн жимс өргөдөг. Үүнийгээ гал тогооны бурхан ирж шалгаад диваажингийн хаанд илтгэдэг хэмээн ярьцгаадаг байна. Вьетнамчууд шинийн 1-ний өглөө ирсэн анхны зочиндоо гүн хүндэтгэлтэй ханддаг нь тэднийг аз жаргалыг авчрагч хэмээн үздэгтэй нь холбоотой.
БНХАУ
Цагаан сар нь “Чунзие” буюу хаврын баяраар эхлэн 15 хоног үргэлжилж, дэнлүүний баяраар дуусгавар болдог. Амьдрал дахин цэцэглэж эхэлсний баяр хэмээн үзэж, “Еэвэн” сарын баяр хэмээн нэрийдэх нь бий. Энэ нь тус улсын хамгийн хөл хөөртэй, баярт тооцогддог байна. Сарны тооллоор сар шинийн эхний болон 15 дахь өдөр үсээ угааж, засуулдаггүй байна. Тус баярын үеэр уламжлалт ёсоор улаан дугтуйд мөнгө хийж бие биедээ бэлэглэдэг. Учир нь улаан өнгө нь аз хийморийг бэлгэддэг гэж үздэг. Баярын ширээний гол хоол нь банш, гурилтай шөл аж. Битүүний орой гэр бүлээрээ цугларч зоог барих бөгөөд шөнө дунд гудамжинд гарахдаа улаан өнгийн хувцас өмсөж, галаар буудан наадаж, муу сүнсийг хөөн зайлуулдаг байна.
СОЛОНГОС УЛС
Солонгост цагаан сарыг “Солнал” хэмээн нэрлэдэг. Солонгос бүсгүйчүүд сарны тооллын шинэ жилд сайтар бэлтгэх бөгөөд “тток”, “гаретток” хэмээх шарсан махыг заавал хийдэг уламжлалтай. Мөн жимс, загасаар ширээгээ чимдэг ч банш болон “токкук” хэмээх нэртэй шөлөөр зочдоо заавал дайлдаг. “Токкук”-ийг ууснаар амьдралд нь бас илүү нэг нас хайрладаг хэмээн үздэг. Битүүний өдөр хоол хийж бурхан, шүтээндээ өргөдөг бол шинийн 1-нд гэр бүлээрээ цуглардаг уламжлалтай. Шинэ жилийн үдэш хаалган дээрээ сүрэл өлгөж, муу муухайг зайлуулахыг бэлгэднэ. Энэ өдөр солонгосчууд нэг нас нэмлээ хэмээн баярлаж, мод шидэх, ширтэлцэх зэрэг уламжлалт тоглоом тоглоно. Мөн битүүний орой чөтгөрийг хөөж, аз жаргалыг хүлээн авах ёслол хэмээн бэлгэдэн хонх, хөгжим дуугаргаж их чимээ гарган шинийн 1-ний өглөөг угтдаг заншилтай.
ТҮВД УЛС
Түвдүүд билгийн тооллын шинийн 1-нд “Лосар” гэдэг баярыг тэмдэглэдэг аж. “Ло” гэдэг нь жил, “Сар” гэдэг нь шинэ гэсэн утгыг илэрхийлдэг байна. Тиймээс “Лосар” хэмээх нэр нь үндсэндээ шинэ жил гарч, хавар болж байна гэсэн утгыг агуулдаг аж. Сар шинэдээ түвдүүд шинэ дээл хувцсаа өмсөж, настан буурлууддаа золгодог уламжлалтай. Энэхүү баярын хамгийн чухал идээ нь цагаан будаа, давс, найман төрлийн орцтой хатаасан бяслаг, гурилтай шөл юм. “Дашдэлэг” хэмээх номыг ард олон нийтээрээ уншуулан даган баясдаг байна.
КАМБОЖ УЛС
Камбожид хаврын баярыг дөрөвдүгээр сарын дундуур тэмдэглэдэг байна. Борооны улирал эхлэхийн өмнө цагаан будаагаа хурааж, иргэд гурван хоног амарч баярладаг. Гэрээ цэвэрлэн, цэцэг, бөмбөлгөөр гоёж, лаа асаадаг бөгөөд тахианы мах, будаа, жимс, амттан бэлтгэдэг. Баяраар сүм хийдэд очиж, шашны ёслол үйлдэхээс гадна үндэсний тоглоом наадам зохион байгуулдаг гэнэ. Дуу дуулж, бүжиг бүжиглэн хүүхэд багачуудынхаа хамт хөгжилддөг байна. Шинэ хувцас өмсөж, бие биедээ бэлэг сэлт өгдөг нь Азийн бусад орны зан заншилтай ижил.
ЛАОС УЛС
Лаос улсын үндэсний баярыг “Лин” хэмээдэг. Тус баярыг таван хоног тэмдэглэдэг юм. Тэд битүүний шөнө зул асааж, нас барсан хүмүүсийнхээ араас залбирал үйлддэг аж. Харин шинийн нэгэн болоход 40-өөс дээш насны эрчүүд ууланд гарч тахил өргөж, дараа оныг хур бороо их орж, будаа арвин хураахыг бэлэгддэг. Харин 50 дээш насны эмэгтэйчүүд 10 доош насны охидуудад үлгэр уншиж, өгдөг уламжилалтай.
БУРИАД
ОХУ-ын Буриадууд “Сагаалган” буюу Цагаан сарын баяраа 1991 оноос тэмдэглэн иржээ. Хубилай хааны зарлигаар XIII зуунаас тэд тус баярыг тэмдэглэж эхэлсэн гэж үздэг. “Сагаалган” баяр нь бүтэн сарын турш үргэлжлэх бөгөөд Буриадын Буддын хамгийн том сүм болох “Иволгийн дацан”-нд ном хурснаар эхэлдэг аж. Битүүний өдөр дээрх дацангийн өмнө “Дугжууба” гэх түүдэг асааж, хуучин хувцас сэлтээ шатаадаг уламжлалтай.