Банк бус санхүүгийн байгууллагуудын нийт хөрөнгийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 32.5 хувиар өссөн байна. Харилцагчдын тоо давхардсан байдлаар 4.5 сая болж, үүний 94.1 хувийг финтекийн харилцагчид эзэлжээ. Тэгвэл хадгаламж зээлийн хоршоод 72 521 гишүүддээ санхүүгийн үйлчилгээ үзүүлж, нийт хөрөнгө нь өмнөх оноос 14.5 хувиар өсөж, 306.5 тэрбум төгрөгт хүрчээ.
Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын салбарт Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрөлтэй үл хөдлөх хөрөнгө зуучлалын компаниуд нийт 1,599.8 мянган м.кв талбай, 2,330.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг зуучлан худалдан, шилжүүлжээ. Харин 591.3 мянган м.кв талбай, 173.4 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг зуучлан хөлслүүлж, түрээслүүлсэн.
Үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгчдийн салбарт 461.1 тэрбум төгрөгийн үнэт металлыг борлуулж, 433.8 тэрбум төгрөгийн үнэт металлыг худалдан авчээ. 20.8 тэрбум төгрөгийн үнэт эдлэлийг худалдан авч, 33.4 тэрбум төгрөгийн үнэт эдлэлийг худалдан борлуулсан байна.
Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч 12 компанид давхардсан тоогоор 921 мянган харилцагч бүртгэлтэйгээс 15 мянга гаруй харилцагч нь арилжаанд идэвхтэй оролцжээ. Зах зээлийн арилжааны дүн нь 136.6 тэрбум төгрөг хүрч, өдрийн дундаж арилжаа 150.1 сая төгрөг байна. Харин сэндбокс зохицуулалтын орчинд ББСБ-уудын хоорондын репо хэлцлийн үйлчилгээ, технологид суурилсан даатгалын үйлчилгээ, Р2Р зээлийн үйлчилгээ, краудфандинг буюу хамтын санхүүжилтийн үйлчилгээ, биржийн бус зах зээлийн блокчейн арилжааны систем зэрэг 6 бүтээгдэхүүн, үйлчилгээ туршигдаж байна.