Монгол улсад орчин цагийн банкны тогтолцоо үүсэж, хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Берлин хотноо хоёрдугаар сарын 2-4-ний өдрүүдэд “Дэлхийн мөнгөний яармаг” боллоо. Тус яармагт Монголбанк, Лихтенштейн улсын “Койн Инвест Траст” компанитай хамтран оролцжээ.
1972 оны нэгдүгээр сард Швейцар улсад анхлан зохион байгуулагдаж, улмаар 2006 оноос хойш Берлин хотноо тасралтгүй зохион байгуулагдаж ирсэн “World Money Fair” өдгөө зоос, цаасан мөнгөн тэмдэгтийн дэлхийн нумизматууд, цуглуулагчид гээд мэргэжлийнхний цуглардаг хамгийн чухал Олон улсын үзэсгэлэнгийн нэг юм. Түүнчлэн дэлхийн өнцөг булан бүрээс дилерүүд, дагалдах хэрэгсэл нийлүүлэгчид, дуудлага худалдааны газрууд цуглаж шинэлэг зүйлсээ дэлгэн үзүүлдэг бол дэлхийн мөнгөн тэмдэгтүүд, зоосны салбарын ханган нийлүүлэгчид ч хамгийн сүүлийн үеийн шинэ технологийг дэлгэн харуулдаг юм.Энэ жил тус яармагт Казахстан, Болгар, Киргизстан, Украин зэрэг улсын Төв банк болон бусад байгууллагууд оролцлоо.
Монголбанкны тухайд дурсгалын зоосны үйл ажиллагааг 53 жилийн турш эрхэлж буй түүхтэй. БНМАУ-ын Улсын банк 1971 онд Ардын хувьсгалын 50 жилийн ойг тохиолдуулан 1 төгрөгийн нэрлэсэн үнэтэй дурсгалын зоосыг алт, мөнгө, гууль, никелиэр анхлан үйлдвэрлэжээ. Харин орчин цагт “Эрдэнэсийн сангийн тухай хууль”-ийн дагуу Монголбанкны Эрдэнэсийн сангаас үнэт болон бусад металлаар хийсэн дурсгалын зоос гаргах үйл ажиллагааг хариуцан хэрэгжүүлж, өнгөрсөн хугацаанд нийт 650 гаруй төрлийн онцгой сэдэв бүхий дурсгалын зоосыг үйлдвэрлүүлсэн байна.
Монголбанк анхны дурсгалын зоосыг Бүгд Найрамдах Ардчилсан Герман Улсад үйлдвэрлүүлж, түүнээс хойш дотоодын “Зоос гоёл” ХК болон ОХУ-ын “Гознак” үйлдвэр, Япон улсын “Иточу” компани, “B.H.Mayers” компани, “Royal mint”, “Valcami Sa” зэрэг үйлдвэртэй хамтран ажиллаж иржээ. Харин сүүлийн жилүүдэд Лихтенштейн улсын “Койн инвест траст” компанитай хамтран ажиллаж, дурсгалын зоосыг ХБНГУ-д үйлдвэрлүүлж байна.
Дашрамд сонирхуулахад, дурсгалын зоосны үйл ажиллагаа нь зоос цуглуулагч, сонирхогч иргэдэд үнэт цуглуулга, бэлэг дурсгалын онцгой зүйл юм. Энэ нь тухайн үйл явдалд зориулсан зураг, чимэглэл, загвар, бичвэр, металл, технологи зэргээрээ бүгд өөр хоорондоо ялгаатай.