Инфляцаас үүдэн хүүхэд өсгөх зардал дэлхий даяар өндөр түвшинд хүрчээ. Тухайлбал, 2023 онд нэг өдөр хүүхэд асрах дундаж зардал өмнөх оныхоос зургаан хувиар өссөн байна. Энэхүү зардлыг бууруулах нь эдийн засгийг уналтаас гаргах нэг гарц юм. Гэвч ихэнх улсын Засгийн газар залуу эцэг, эхчүүдийн нуруун дээр ирж буй дарамтыг бууруулах чиглэлд дорвитой алхам хийхгүй байна.
Хүүхдээ асрах үүрэг хариуцлага эмэгтэйчүүдэд илүү их ачаалал бий болгодог. Хүүхдээ өсгөх мөнгө олохоор ажиллаж байгаа тэдний хувьд ихэвчлэн ажлын цагаа багасгах, албан тушаал дэвшихгүй үлдэх, эсвэл ажлаасаа гарах сонголттой нүүр тулдаг аж. Харин зарим нь цөөхөн хүүхэдтэй байх эсвэл хүүхэд огт төрүүлэхгүй байх шийдвэр гаргаж байна. Нөгөөтэйгөөр уян хатан ажлын цагаар л ажиллах боломжтой ээжүүдийн хувьд заавал оффистоо ажиллах хуваарь улам дарамт болох болжээ.
“Эмэгтэйчүүд хөдөлмөр эрхлээгүйгээс бий болсон хохирлыг нийгэм нийтээрээ төлж байна. Хэрэв эрчүүдтэй тэнцүү тооны эмэгтэйчүүд хөдөлмөр эрхэлсэн бол дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүн одоогийнхоос 10 хувиар өндөр байх байсан” гэж “Bloomberg Economic”-ийн шинжээч Адриана Дупита онцоллоо.
АНУ-д л гэхэд эмэгтэйчүүд хүүхдээ асрахын тулд ажлын цагаа бууруулснаар жилд ойролцоогоор 237 тэрбум ам.доллар алдагддаг тооцоолол гарчээ. Харин Европын Холбооны улсуудын дээрх алдагдал 255 тэрбум ам.доллар орчимд хүрсэн. Эсрэгээрээ эмэгтэйчүүдийн ажлын байран дахь оролцоо нэмэгдэхийн хэрээр орлого өсөж, тэгш бус байдал болон ядуурлын түвшин буурсан гэх судалгаа ч бий.
Эх сурвалж: Bloomberg tv