Хонконг хотноо нэгдүгээр сарын 24-25 ны өдрүүдэд 17 дахь удаагийн Азийн санхүүгийн чуулга уулзалт боллоо. “Хамтын маргаашийн төлөөх олон талт түншлэл” сэдэвт тус чуулганд 130 гаруй өндөр түвшний зочид, 3000 гаруй төлөөлөгчид чуулж, бүс нутгийн эдийн засгийн эмзэг байдлыг бууруулахын тулд олон талт хамтын ажиллагааны үр дүнгээр хэрхэн сорилтуудыг даван туулах тухай хэлэлцжээ.
Чуулга уулзалтын эхний өдөр болсон Олон улсын эдийн засаг, санхүүгийн хамтын ажиллагааны бодлогын яриа хэлэлцээ сэдэвт нэгдсэн салбар хуралдаанд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн олон улсын санхүүгийн байгууллага, бусад төв банкны төлөөлөгчидтэй хамт зочин илтгэгчээр оролцлоо. Тэрбээр санхүүгийн салбарын хөрөнгө оруулалтыг дэмжих, хууль эрх зүйн хүрээнд бий болгоод буй боломж нөхцөл, түүнчлэн Монгол дахь финтек, ногоон санхүүжилтийн хөгжлийн тухай яриандаа онцолсон юм.
Тэрбээр энэ өдрүүдэд Азийн санхүүгийн чуулга уулзалтын ерөнхий зохион байгуулагч БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Засгийн газар болон Хонконгийн Санхүүгийн үйлчилгээ, төрийн сангийн хороо мөн Хонконгийн төв банк /HKMA/-ны удирдлагууд, Mirae Asset санхүүгийн группийн төлөөллүүдтэй уулзлаа.