Хэрэглээний зээлийн өсөлт нэмэгдэх хандлага ажиглагдаж, хадгаламж барьцаалсан болон хэрэглээний зээл жил ирэх бүр өсөж байна. 2023 оны жилийн дүнгээр 31.3 хувийн өсөлттэй гарчээ. Үүнийг дагаад импортын бүтэц дотор удаан хэрэглэгдэх цахилгаан бараа, ахуйн хэрэгсэл, автомашин зэрэг хэрэглээний шинжтэй зээл эрэлт нэмэгдсэн. Хэрэглээний зээлийн хүсэлт энэ чигээрээ үргэлжилбэл хэрэглээний өсөлтийг бий болгох, өрийн дарамт болон буцаад төлбөрийн тэнцэлд нөлөөлнө гэх болгоомжлол байгаа юм.
Тиймээс Монголбанкны 2024 оны бодлогын чиглэлд хэрэглээний зээлийн өсөлтийг тодорхой түвшинд хязгаарлана. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард тэтгэврийн зээл дээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээгээ үргэлжлүүлнэ гэсэн бодлогыг барина. Тодруулбал, амьжиргааны баталгаажих доод түвшнээс доош орлоготой, түүнээс хэтэрсэн тэтгэврийн зээл дээр эрсдэлийн жин нь илүү өндөр байх бодлогын тохиргоог хийж эхэлсэн. Бусад цалин, тэтгэвэр барьцаалсан зээлүүдэд эрсдэлийн чиглэлээр бодлогын арга хэмжээ авахгүй. Хэрэглээний зээлүүдийг хязгаарлачихвал банкууд бизнесийн чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа зээлдэгчид рүү чиглэнэ. Энэ нь ажлын байрыг нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтийн хүртээмж нь ажлын байр, цалин, орлогоор дамжих бололцоо үүснэ.