Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2023 оны урьдчилсан гүйцэтгэлийн талаар Үндэсний статистикийн хорооноос өчигдөр танилцууллаа. Төлбөрийн тэнцэл өнгөрсөн оны эхний 11 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 964 сая ам.долларын ашигтай гарсныг энэ үеэр дурдав. Нийт зээлийн өрийн үлдэгдэл өнгөрсөн арванхоёрдугаар сарын эцэст 27.4 их наяд төгрөг болж, өмнөх жилийнхээсээ 5.1 их наядаар (23.1 хувь) өсжээ. Иргэдийн зээлийн өрийн үлдэгдэл 3.8 их наяд төгрөгөөр (32.4 хувь) дээшилсэн нь үүнд нөлөөлсөн аж. Мөн хувийн байгууллагуудынх 1.3 их наяд төгрөг буюу 13 хувиар нэмэгдсэн дүн гарчээ. Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 57 хувь нь иргэд, 42 нь хувийн, 0.4 нь төрийн, 0.7 хувь нь санхүүгийн байгууллагуудад ногдож буй гэнэ. Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл 24.1 их наяд төгрөг болсон нь өмнөх оныхоос таван их наядаар өссөн дүн юм. Тэгвэл чанаргүй зээл хоёр их наяд төгрөг болсон нь 12.3 тэрбумаар (0.6 хувь) нэмэгдсэн гэсэн үг.
Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2023 онд 24.3 их наяд төгрөгт хүрч, өмнөх жилийнхээсээ 31.3 хувиар нэмэгджээ. Төсвийн орлого өсөхөд орлогын албан татвар хоёр, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 1.8 их наяд, нийгмийн даатгалын шимтгэлийн орлого 905, нэмэгдсэн өртгийн албан татвар 827 тэрбумаар нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн аж.
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2023 онд урьдчилсан гүйцэтгэлээр 30.5 их наяд төгрөг болж, өмнөх жилийнхээсээ 9.5 их наядаар (45.2 хувь) өсөв. Тухайлбал, уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл өнгөрсөн жил урьдчилсан гүйцэтгэлээр 21.5 их наяд төгрөг болж, 2022 оныхоос 7.2 их наяд буюу 50.2 хувиар нэмэгдсэн байна. Үүнд чулуун болон хүрэн нүүрс олборлолт 5.7 их наяд (2.5 дахин), металлын хүдэр олборлолт 864.6 тэрбумаар (есөн хувь) өссөн нь голлон нөлөөллөө.
Манай улсад 298.3 мянган малчин байгаагаас 39.9 хувь нь эмэгтэй аж. Нийт малчдын 5.9 хувь нь туслах малчин гэнэ. Түүнчлэн нийт малчны 49.6 хувь нь зээлтэй, 37.7 хувь нь нийгмийн даатгалд хамрагдаж буйг мэдээлэв.
Бэлтгэсэн: Б.Сонор