Улсын хэмжээнд хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2023 оны арванхоёрдугаар сард өнгөрсөн жилийнхээ мөн үеийнхээс 7.9, өмнөх сараасаа 0.4 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Улаанбаатар хотод арванхоёрдугаар сард барааны бүлгийн үнэ 8.4, үйлчилгээнийх 9.4, хүнснийх 12.4, хүнсний бус бүлгийнх 7.2 хувиар өссөн нь хамгийн өндөр байжээ.
Инфляцын түвшин 7.9 хувь гарсны 3.3 нэгж хувь (42 хувь) нь хүнсний бараа, ундаа, усны бүлгийн, 2.8 нэгж хувь (35 хувь) нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалсан гэнэ. Хэрэглээний бараа, үйлчилгээний сагсанд 410, Улаанбаатарын хэмжээнд 404 нэр, төрлийн бараа, үйлчилгээний үнийг судалдаг. 410 нэр, төрлийн бараа, үйлчилгээний 221 нь импортын бүтээгдэхүүн бөгөөд тэдгээр нь нийт жингийн 46 хувийг эзэлж буй. Улаанбаатарт инфляцын түвшин 2023 оны арванхоёрдугаар сард өмнөх сарынхаасаа 0.2, өнгөрсөн жилийнхээ мөн үеийнхээс 8.6 хувиар өсжээ.
Дээрх хугацаанд хэрэглээний сагсны 404 нэр, төрлийн бараа, үйлчилгээнээс 63-ийнх нь (15.6 хувь) үнэ өмнөх сарынхаасаа дээшилж, 18-ынх нь (4.4) буурч, 323-ынх нь (80) өөрчлөгдөөгүй гэлээ. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өнгөрсөн сард бүх аймагт өмнөх оныхоо мөн үеийнхээс 5.1-8.5 хувиар өссөн байна. Тодруулбал, Хэнтийд инфляц 5.1 хувиар өссөн нь хамгийн бага, Өвөрхангайд 8.5 хувиар дээшилсэн нь хамгийн өндөрт тооцогдов.
Бэлтгэсэн: Б.Сонор