“Дэлхийн эдийн засгийн төлөв” тойм гаргаснааснаа Дэлхийн банкнаас танилцууллаа. Монгол Улсын эдийн засгийг энэ жил 6.2, 2025 онд 6.4 хувиар өснө хэмээн төсөөлснийг эл тоймд дурджээ. Ихэнх улсын инфляцын түвшин буурах төлөвтэй ч Монгол, Лаос зэрэг оронд өндөр хэвээр байна хэмээн тооцоолсон аж. Мөн Монгол, Индонез, Мьянмар зэрэг таваар экспортлогч орны хувьд эрэлт, үнэ нь хямдрах эрсдэл учирч болзошгүй гэв. Эргэн сануулахад, манай улсын ДНБ-ийг энэ онд 6.2 хувиар тэлэх төлөвтэй хэмээн таамагласнаа тус банкнаас өнгөрсөн арваннэгдүгээр сарын эцэст танилцуулсан “Монголын эдийн засгийн тойм” тайланд дурдаж байсан юм.
Дэлхийн эдийн засгийн өсөлт 2020 оноос хойших жилүүдэд дараалан саарсан нь үргэлжлэх төлөвтэйг дээрх банкны шинэ тоймд дурджээ. Өнгөрсөн жил дэлхийн эдийн засаг 2.6 хувиар өссөн бол энэ онд эл тоо 2.4 болно хэмээн төсөөлснөө мөн дурдлаа. Улмаар дэлхийн эдийн засгийн өсөлт сүүлийн 30 жилийн хугацаан дахь хамгийн тааруу үзүүлэлттэй таван жилд тооцогдох төлөвтэйг онцолжээ. Улс орнуудын бодлогын хүү өндөр байгаа, худалдааны саад тотгор, геополитикийн нөхцөл байдал зэрэг нь үүнд нөлөөлж буй аж. Тэгвэл Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийг энэ онд 4.5, дараа жил 4.4 хувиар өснө гэж таамагласан байна. Өмнөх онд эл тоо 5.1 хувь байсан гэнэ.
Бэлтгэсэн: Б.Сонор