Монголбанк болон Хятадын Ардын банк хооронд байгуулсан үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн гэрээний хүрээнд 2011-2016 онд ашигласан дүнгээс 1.5 тэрбум юанийг (210 сая ам.доллар) хугацаанаас нь өмнө төлсөн тухай өчигдөр мэдээллээ. Дотоодын зах зээлээс худалдаж авсан алтны орлогоос юанийн своп хэлцлийн тодорхой хувийг төлж эхэлсэн нь Төвбанкны хүүгийн зардал, алдагдлыг бууруулах, ОУВС болон олон улсын бусад санхүүгийн байгууллагын зөвлөмжийг хангахад нөлөөтэй гэв.
Эргэн сануулахад, дээрх хоёр банкны хооронд байгуулсан Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн ерөнхий гэрээг өнгөрсөн долоодугаар сард дахин гурван жилээр сунгаад байсан юм. Тодруулбал, хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг дэмжих зорилгоор байгуулсан 15 тэрбум юань буюу 7.25 их наяд төгрөгийн дээрх гэрээг шинэчилсэн гэсэн үг. Үүний хүчин төгөлдөр байх хугацаа нь 2026 он хүртэл үргэлжлэх бөгөөд талууд харилцан тохиролцсон нөхцөлд сунгах боломжтой юм. “Өндөр хүүтэй, нэг улсаас хамааралтай өрийг 10 гаруй жилийн турш сунгасаар ирсэн нь, төлж барагдуулахыг хичээхгүй байгаа нь улс орны эдийн засгийн аюулгүй байдлын хувьд тааламжтай зүйл биш, цаашид бидний өмнө тулгарч болзошгүй эрсдэлтэй өр төлбөр” гэж зарим эдийн засагч үүнийг шүүмжилж байлаа.