Төв банкны зүгээс ирэх жилд ямар бодлогыг баримталж, эдийн засгийн өсөлт хийгээд инфляцид хэрхэн нөлөөлөх асуудлаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мөн мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны арванхоёрдугаар сарын хурлаар мөнгөний бодлогын хүүг 13 хувьд хэвээр нь үлдээсэн. Энэ бол богино хугацаанд инфляцыг зорилтот түвшинд оруулах бодлого. Тээвэр ложистикийн зардал 2019 оны түвшинд хүрсэн гэх таатай нөхцөл бүрдсэн. Гэхдээ манай улсын инфляцын 8.6 хувийг хүнсний 20 гаруй хүнсний болон хүнсний бус бүтээгдэхүүний үнийн өсөлтөөр илэрдэг. Тиймээс хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлт, үнийн тогтвортой байдал дээр бодлого явуулбал бидний зорьж буй түвшин рүү очно. Ирэх оны төсөв 20 хувиар тэлсэн учраас хэрэглээ, эрэлт тал өдөөгдөнө. Энэ утгаараа инфляцын хоёр дахь давлагаа явах вий гэсэн болгоомжлол бий. 2023 онд нийт 700 тэрбум төгрөгийн хүнсний хөнгөлөлттэй зээлийг гаргасан байна. Дийлэнх нь газар тариалан, хүнсний ногоо тариалж буй хүмүүст очсон. Энэ хөтөлбөр ирэх онд үргэлжлээд явна. Мөн Монголбанк арилжааны банк болон олон улсын санхүүгийн байгууллагуудтай хамтраад уул уурхайн бус жижиг дунд бизнес эрхлэгч, ногоон болон эмэгтэй бизнес эрхлэгчдэд чиглэсэн хөнгөлөлттэй зээлийг ирэх оноос гаргаж эхлэхээр эх үүсвэрүүд нь тусгагдсан” гэлээ.