Туркийн парламентын Гадаад бодлогын комисс Шведийг НАТО-д гишүүнээр элсүүлэх тухай протоколыг баталжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр протоколыг олонхын саналаар баталж, сөрөг хүчин болох Сайн нам, Аз жаргалын нам эсэргүүцсэн байна.
Швед улс өнгөрсөн оны тавдугаар сард Финланд улстай хамт Хойд Атлантын холбоонд элсэх өргөдөл гаргажээ. Финланд дөрөвдүгээр сарын 4-нд тус холбооны 31 дэх гишүүн болсон бол Стокгольм хараахан Будапешт болон Анкарагаас эцсийн зөвшөөрлийг аваагүй байсан юм.
Туркийн тал Швед улсыг аюулгүй байдлын салбарт Анкараг түгшээж буй асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор 2022 оны зургаадугаар сард байгуулсан гурван талын санамж бичгийг дагаж мөрдөхийг нь хүлээж байна гэж мэдэгдсээр ирсэн.
Турк улс уг хүсэлтийг соёрхон баталсан нь Швед улс терроризмтой тэмцэх амлалтаа биелүүлсэнтэй холбон тайлбарлаж байна.
Долдугаар сард Швед улс Европын холбооны гишүүн орны хувьд Туркийг тус холбоонд элсүүлэх үйл явцыг хөнгөвчлөхөөр тохиролцсон бөгөөд үүний хариуд Анкара Стокгольмыг НАТО-д элсэх өргөдлийг баталгаажуулав.
Ингэхийн сацуу НАТО-гийн тэргүүн Йенс Столтенберг Шведийг тус эвсэлд элсэх, Анкара Европын Холбоонд элсэх асуудал "бие биетэйгээ холбоогүй" гэж онцлон тэмдэглэв.
Хойд Атлантын эвсэлд аливаа улсыг шинэ гишүүнээр элсүүлэхийн тулд бүх гишүүн онууд батлах ёстой. Одоо Шведийн гишүүнчлэлийг хараахан зөвшөөрөөгүй байгаа ганц гишүүн Унгар улс л үлдлээ.