Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа болон бусад удирдлагууд аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга нартай цахим уулзалт хийж, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын зарим тулгамдсан асуудлын талаар хэлэлцлээ. Уулзалтаар хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын бодлого болон нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийг хэрэгжүүлэх талаар мэдээлэл өгч, хүүхэд хамгаалал, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн албан хаагчийн цалин хөлс, орон нутгийн нэмэгдэл, нийгмийн түншлэл, ахмад, залуучууд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал, нийгмийн халамжийн чиглэлээр анхаарах асуудлын талаар мэдээлж, Засаг дарга нарт тодорхой үүрэг, чиглэл өгч, дээрх үйл ажиллагааг дэмжиж ажиллахыг уриаллаа.
Тухайлбал,
- Сурагчийн амралт эхэлж байгаатай холбогдуулан хүүхэд хамгааллын ажлыг эрчимжүүлэх, эцэг, эхийг цахимаар ажиллуулах нөхцөлийг бүрдүүлэх, хүүхэд хамгааллын талаар олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх, гудамж, талбайг камержуулах, орчны болон гэрийн аюулгүй байдлыг хангаж ажиллахад анхаарах,
- Аймаг, нийслэлийн засаг дарга, захиргааны байгууллага орон нутгийнхаа хэмжээнд хүн амын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах үйл ажиллагаанд санаачилгатай оролцож, холбогдох төсөв хөрөнгийг батлуулж, төлөвлөгөө гаргаж ажиллах,
- Ирэх оноос малчдын нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг улсын төсвөөс төлөхөөр болсон. Аймгийн Засаг дарга нар малчдын хамралтыг нэмэгдүүлэх болон нийгмийн даатгалын шимтгэлийн өр, авлагыг бууруулахад хамтран ажиллах, хөдөлмөрийн чадвар алдалт тогтоох үйл ажиллагаанд анхаарал хандуулах,
- “Ахмадын сан” байгуулан ажиллуулах асуудлыг байгууллага, аж ахуйн нэгжүүдэд үүрэг болгох, хуулийн хэрэгжилтийг хангуулахыг санууллаа.