Өмнөговь аймгийн Ханбогд сумын газар нутгийг гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдэд хууль зөрчин их хэмжээгээр эзэмшүүлэхээр болсон нь “Нүүрсний” хэргийн нээлттэй сонсголоор тодорхой болсон. Үүнээс улбаалан хууль зөрчсөн албан тушаалтнуудад хариуцлага тооцуулах чиглэлийг Засгийн газарт Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн хүргүүлчихээд байгаа. АТГ-аас эл хэргийн гол холбогдогч болох Өмнөговь аймгийн Засаг дарга, ИТХ-ын даргаар ажиллаж байсан Б.Бадраа, түүний хүү Б.Наранболд, Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийт, мөн сумын Засаг дарга асан, дараа нь Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргааны Бодлого, төлөвлөлт хариуцсан эрх бүхий албан тушаал хашиж байсан Ш.Эрдэнэжаргал тэргүүтэй 11 хүнд яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын хяналтад шилжүүлээд байсан юм. Тэгвэл ҮАБЗ, Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу шинээр нээсэн хэрэг бүртгэлтийн хэрэгт Б.Бадраа, Х.Нэхийт, Ш.Эрдэнэжаргал нарыг холбогдуулан мөрдөн байцаалтын хэрэг нээж, яллагдагчаар татах хэд хэдэн нотлох баримт олсон гэнэ. Өөрөөр хэлбэл, Ханбогд сумын нутагт хууль зөрчин газар эзэмшүүлэхээр олгосон 38 захирамжтай холбоотойгоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээснээс дээрх гурван хүнтэй холбоотой үйлдлүүд нотлох баримтаар тогтоогдож буй аж. Тиймээс яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т шилжүүлсэн хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцааж, нэгтгэн шалгахаар болжээ.
Үндсэн хуулийн зургаадугаар зүйлийн 1-т “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна”, 2-т нь “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн” гэж заасан атал түүнийг мөн Газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчин өмнөд хөршийн аж ахуйн нэгжүүдэд хууль бусаар газар эзэмшүүлсэн Б.Бадраа, Х.Нэхийт, Ш.Эрдэнэжаргал нарыг яллагдагчаар татан цагдан хорих санал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн ч шүүгч Д.Дарьсүрэн хүлээн авахаас татгалзсан байна. Уг нь нэг яллагдагч Б.Бадраа хилээр гарч явсантай холбоотойгоор бусад яллагдагчид таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах санал прокурор, мөрдөн байцаагчаас гаргасан аж.
Дээрх гурван яллагдагчид өмнө нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын шүүхийнхэн таслан сэргийлэх арга хэмжээ авалгүй, Х.Нэхийт нь ажлаа үргэлжлүүлэн хийсээр гадаадын аж ахуйн нэгжүүдэд газар олгосоор байсан бололтой. Тус шүүхийнхэн Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийтийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг хүлээн авалгүй ажлыг нь хийлгэсээр байгаа юм. Харин Б.Бадраа, Ш.Эрдэнэжаргал нарын хилээр гарах эрхийг тус шүүх түдгэлзүүлсэн байснаа цуцалснаар нэг нь хил давсан аж. Ийм байтал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх эх орныхоо газар нутгийг харийнханд зарсан хэрэгт холбогдогчдын толгойг илж байхад Монголд шударга ёс тогтоно гэж үү.