“Лантуун дохио” төрийн бус байгууллагынхан шинэ жилийн өмнө “Ид шидийн уут” аян өрнүүлдэг уламжлалтай. Уг аяныг 2012 оноос хойш жил бүр зохион байгуулж буй. Оролцогчдын олонх нь сайн дурийн гишүүн. Энэ сарын 17-ноос эхлүүлсэн ээлжит аянд 150 хүн оролцжээ. Тэд баг болон хуваагдаж, нийслэлийн есөн дүүргийн багачуудыг баярлуулсан байна. Хамгийн олон хүн амтай Сонгинохайрхан, Хан-Уул, Баянзүрх дүүрэгт тус бүр гурав, бусдад 1-2 баг ажиллажээ. Багийн бүрэлдэхүүнд өвлийн өвөө, цасан охин, алиалагч, тандагч багтдаг.
Тандагч нь амьжиргааны түвшин доогуур байх магадлалтай айлуудаар эхэлж ороод, судалгаа хийх үүрэгтэй. Үүний дараа тухайн айлд багаараа зочлох, эсэхийг шийддэг юм байна. Тандагч нар мэргэжлийн судлаач биш болохоор олон хүндрэл бэрхшээлтэй тулгардаг аж. Айлын нохой дайрахаас эхлээд янз бүрийн саад ч учирдаг. Гэсэн ч тэд сонгосон айл руугаа ганцаараа хурдан орчхоод л гараад ирдэг юм билээ. “Лантуун дохио” ТББ-ын тэргүүн У.Ганбаярын удирдаж яваа багийнхантай “Ид шидийн уут” хэрхэн задардгийг энэ сарын 24-нд сурвалжиллаа.
ХҮҮХДҮҮД ӨВЛИЙН ӨВӨӨГ ХАРААД БАЯРЛАЖ, ГЭРЭЭ ТОЙРОН ГҮЙЛДЭНЭ
Тухайн өдрийн өглөө “Ид шидийн уут-2023” аяны хаалтыг зохион байгуулсан юм. Оролцож буй сайн дурын гишүүд энэ үеэр цуглан, дурсгалын зураг татуулж, аяныхаа сонин сайхныг ярилцсаны дараа 17 багт хуваагдан, сонгосон газрууд руугаа явцгаав. “Ид шидийн уут” аяныг зохион байгуулагчид амьжиргааны түвшин доогуур айл өрхүүдэд хүрч ажиллахыг зорьдог. Мөн хотын төвөөс алслагдсан гэр хорооллын бүсэд аянаа өрнүүлдэг билээ. Тэд иргэдийн амьдрах орчныг судлахын зэрэгцээ хүүхдүүдэд инээмсэглэл бэлэглэж, хайр түгээхийн тулд бэлэг тараадаг байна. Бид У.Ганбаярын удирдсан багийнхантай 14.00 цагт уулзлаа. Тэд 4-5 айлаар ороод, бэлгээ хэдийн тарааснаа хэлэв. Ингэхдээ зөвхөн бэлгээ өгчхөөд л тухайн айлаас гардаггүй. Нимгэн хувцастай, даарч яваа хүүхдүүдэд дулаан хувцас бэлэглэдэг.
Уулын орой руу өгсөх замууд халтиргаа гулгаатайгаас машин явахад хэцүү. Гэсэн ч багийнхан аль болох алслагдмал айл өрхүүдийг зорин очихыг зорьдог аж. Тэдэнтэй уулзсанаас хойш очсон эхний айл бага насны гурван хүүхэдтэй. Хоёр гэр бүлийнхэн нэг гэрт хамт амьдарч байгаа нь энэ гэнэ. Хүүхдүүд өвлийн өвөө хараад баярлаж, гэрээ тойрон гүйлдэнэ. Тэд сурч мэдсэн дуу, шүлгээ сонирхууллаа. Энэхүү айл нь олны хэлж заншсанаар Далан давхрын оршуулгын газрын урдхан талд, өндөр уулын оройд байрладаг. Гэрийн гадна нэгэн модон жорлонгоос өөр өмч гээд хэлэхээр зүйл харагдсангүй. Гэр нь жижиг, дөрвөн ханатай бөгөөд таван хүн хүн хамт амьдардаг ажээ.
ХАШААНЫХАА ГАДНА НИМГЭН ХУВЦАСТАЙ ЗОГСОЦГООНО
Дээрх айлаас гарч ирэхэд худгаас ус аван, уул уруудаж яваа хүүхдүүдтэй таарлаа. Худаг нь уулын өвөрт байрладаг. Уулын бэлд бас нэг худаг байдаг ч тэндээс авбал усаа түрээд өгсөх шаардлагатай болдог аж. Ингэж түрэхэд тэдний хүч хүрдэггүй гэнэ. Нэг нь 10 литрийн саван дахь усаа хоёр гартаа барьчихсан, түүнийгээ дааж ядан алхална. Хоёр нь тэргээ зам дагуу гулгуулахгүйн тулд нэг нь урдаас түшиж, нөгөө нь түрж яваа харагдав. Бээлийгүйгээс тэдний гар нь даарч, улайжээ. Зузаан хувцасгүй, нимгэн цамц давхарлаад өмсчихсөн, хацар нь улайж, нус нь гоожсон харагдана. Тэдэнд өвлийн гэхээр хувцас алга бололтой. “Ид шидийн уут” аяныхан хүүхдүүдэд өвлийн гутал, куртик, бээлий бэлэглэсэн юм. Уулын энгэр лүү буусан замын халтиргааг багасгах гэсэн бололтой, үнс цацжээ. Гэсэн ч эл арга хэмжээ нь нэмэр болсонгүй. Тэрэгтэй ус түрж яваа хүүхэд байтугай насанд хүрсэн хүн ч халтирч, жолоо алдах эрсдэлтэй харагдсан. Тэдгээр хүүхэд өдөр бүр ийм замаар усаа зөөдөг байна.
Гэр хорооллын нарийн гудамжинд эзгүй ноход энд тэндгүй хөөцөлдөн тоглож харагдана. Замын хажууханд нэгэн хүү нарийнхан, урт бургас барьчихсан тоглож байв. “Сайн уу” гэвэл ууртайгаар “Надаар яах гээд байгаа юм” гэлээ. Харин өвлийн өвөөг машинаасаа бууж ирэхэд нүд нь гэрэлтэж, ихэд баярласан. Сурагчдын амралт эхэлсэн болохоор тэрбээр өдрийг ганцаараа өнгөрөөж буй гэнэ. Түүнээс цаашлан гудамжаар уруудахад бага насны хүү дүүгээ хөтөлчихсөн зогсож байв. Ээж, аав нь эзгүй тул тэрбээр дүүгээ харж байгаа аж. Даарснаас хоёул ханиалгаж байлаа. Дүү нь гадуураа үслэг цамц өмсөж, малгай, ороолтгүй зогсоно. Өвлийн өвөөг машинаас бууж ирэхэд дүү нь гүйн очиж тэврэв. Өвлийн өвөө түүний нэг гарыг атган дулаацуулахад нөгөө гараа өгч даарсан гэдгээ илэрхийлж байлаа.
Удалгүй нэгэн хүн багийнхныг зорин ирэв. Тэрбээр “Та бүхнийг хүүхдүүдэд бэлэг өгөхийг хараад ирлээ. Би гурван хүүхэдтэй. Хүүхдүүд минь Чингэлтэй дүүрэгт гэртээ байгаа” хэмээн үгээ давтсаар байв. Сайн дурын ажилтнууд түүний гэрийн хаягийг тэмдэглэн авч, Чингэлтэй дүүргээр явж байгаа багийнхандаа дамжуулахаа илэрхийллээ. Тэдэнд ийм явдал цөөнгүй тохиолддог аж. Ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааг гэнэт зогсоож, цахим сургалтад шилжүүлснээр хүүхдүүд харах хүнгүйгээр гэртээ үлдсэнээ хэлж байв. Ингэхдээ тэд өвлийн хүйтэнд нүцгэн шахуу л зогсоцгоож байгаа нь харамсалтай.
САЙН ДУРЫН БАГИЙНХАН ГЭР ХОРООЛЛЫН ОРЧИН НӨХЦӨЛ, АМЬДРАЛЫН ЧАНАРЫГ СУДАЛДАГ
Өвлийн өвөөгөөр ажиллаж буй Э.Пүрэвээ “Сайн дурын ажилд багаасаа оролцсон. Ноднин “Ид шидийн уут”-ын жолоочоор ажилласан бол энэ жил өвлийн өвөө боллоо. Машин явах боломжгүй хэсэг рүү алхаад л хүрдэг. Хүүхдүүд инээлдэн угтах нь миний сэтгэлийг хайраар дүүргэдэг. Өвлийн өвөө хүүхдүүдтэй ярилцах, хөгжөөх, сургуульд сурдаг, эсэхийг нь асуух үүрэгтэй. Ирэх жилийн аянд ч өвлийн өвөө болж оролцоно” гэсэн юм. Алиалагч охин “Анх удаа энэ аянд оролцож байна. Алиалагч багийнхныгаа халамжлах үүрэгтэй” гэв.
Сайн дурын багийнхан хүүхдүүдэд бэлэг тараахаас гадна гэр хорооллын орчин нөхцөл, амьдралын чанарын судалгааг давхар хийдгээрээ онцлогтой. “Лантуун дохио” ТББ-ын тэргүүн У.Ганбаяр үүний талаар “Энэ жилийн “Ид шидийн уут” аяны үеэр орчны аюулгүй байдлын тандалт хийж байна. Ирэх жил “Дохио” аппликэйшн бүтээнэ. Аяны явцад цуглуулсан судалгааныхаа мэдээллийг ашиглан аппликэйшнээ бүтээх юм. Анх энэхүү үйл ажиллагааг эхлэхдээ хүүхдүүдэд бэлэг өгч, баярлуулах зорилготой байлаа. Гэвч бодит байдалд хүүхдүүдэд олон асуудал, бэрхшээл тулгарч байгааг олж харсан.
Тиймээс л бид “Ид шидийн орон” төслийг эхлүүлсэн юм. Хүүхдүүдэд тэгш боломж олгох хэрэгтэй. “Ид шидийн уут” аянаар хүүхдүүдэд дутагдаж буй боломжуудыг бий болгохыг зорьдог. Хүүхдүүдийн үндсэн эрхийг хамгаалахад бодлогын түвшинд шийдвэр гаргах ёстой. Гэсэн ч төр, засгийг бид буруутгахгүй. Ихэнх нь иргэдийн хариуцлагатай холбоотой л доо. Судалгаа аваад, дараа нь ямар нэг эрсдэл үүсэх магадлалтай, эсэхийг шалгана” гэсэн юм. Аяныг зохион байгуулагчдын зүгээс эцэг, эхчүүд хүүхдүүддээ анхаарал халамж тавих нь чухал байгааг онцолсон. Мөн Монгол Улсын иргэд үндсэн эрхээ эдэлж чадахгүй байгаад сэтгэл эмзэглэдэг гэлээ. Тус аянд сайн дураар оролцдог хүмүүсийн тоо жил ирэх тусам нэмэгдэж буй аж. Энэ жил “Ид шидийн уут” аянд сайн дурын гишүүнээр оролцсон хүмүүстэй уулзахад “Тандагч эхлээд айлд ороод, дөрвөн хүүхэд байна гэсэн. Ингээд бид тэдэнд зориулан бэлгээ бэлдсэн юм.
Машин уулын өндөрлөг хэсэг рүү гарч чадахгүйгээс доор үлдээгээд алхацгаасан. Зорьсон газартаа иртэл хажуу, урд айлаас нь хүүхдүүд орж ирсээр 11 болж нэмэгдсэн” гэсэн юм. Гэвч бэлэг тараах нь асуудлын гаргалгаа биш гэдгийг тэд онцолж байлаа. Амьжиргааны түвшин доогуур иргэдийн тоо буураагүйг “Ид шидийн уут” аянд оролцож буй залуус өнгөрсөн 10 гаруй жилийн туршлагадаа тулгуурлан хэлж байв. Харин ч тусламж хэрэгтэй айлын тоо жил ирэх тусам өсөж буй гэнэ. Аюулгүй, эрүүл орчинд амьдрах нь иргэний үндсэн эрх. Харамсалтай нь, нийслэлийн гэр хороололд амьдарч буй иргэд, ялангуяа хүүхдүүд энэ эрхээ эдэлж чадахгүй байна.
Бэлтгэсэн: А.Тэмүүлэн