Засгийн газраас яаралтай горимоор өргөн барьсан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх, эсэхийг баасан гаргийн нэгдсэн чуулганаар шийдэв. Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны 34 хувийг Монгол Улсын иргэдэд эзэмшүүлэх, 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн болон ирээдүйд төрөх хүүхдүүд, манай улсын харьяатад орсон иргэдэд хэрхэн хувьцаа эзэмшүүлэх асуудлыг үүгээр зохицуулах юм. Эдүгээ манай улсын нэг иргэн уг компаниас тус бүр 1072 ширхэг хувьцаа эзэмшдэг бол дээрх тогтоолыг баталснаар 1300 орчим болж, тоо нь нэмэгдэнэ. Мөн хоёрдогч зах зээлд зарахыг хориглодог хувьцаа учраас нас барсан болон манай улсын харьяатаас гарсан иргэний эзэмших эрхийг цуцлахаар тогтоолын төсөлд тусгасан байна.
Тус компанийн үйл ажиллагааг сайжруулах зорилгоор Засгийн газар 2022 оны аравдугаар сард онцгой дэглэм тогтоож, үндсэн үйл ажиллагаа, удирдлага, зохион байгуулалт, төлбөр тооцоог сайжруулж, орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээ авчээ. Үр дүнд нь санхүүгийн үзүүлэлт нь эрс сайжирч, өр төлбөр үнэмлэхүй хэмжээгээр буурсан хэмээн Шадар сайд С.Амарсайхан танилцуулгадаа онцолсон. Эзэмшлийн хувьцааныхаа зарим хэсгийг, эсвэл бүгдийг худалдсан, суутган тооцуулсан Монгол Улсын иргэд хүсэлт гаргасан тохиолдолд нэрлэсэн үнээр буюу 933 төгрөгөөр буцаан худалдан авах боломж бүрдүүлэхээр төсөлд тусгасан байна. Нийт нэг сая гаруй иргэн хувьцаагаа Засгийн газарт худалдсан аж.
Эдийн засгийн байнгын хороогоор уг тогтоолын төслийг хэлэлцсэн тухай санал, дүгнэлтийг мөн танилцуулсан. Үүний дараа гишүүн С.Бямбацогт иргэд хувьцаагаа эргэлтэд оруулах, ногдол ашгаа хуримтлуулах, ипотекийн зээлийн урьдчилгаа болгох, эрүүл мэндийн даатгалын төлбөрөөр төлөх зэргээр ашиглах боломж бүрдүүлэх нь чухал гээд Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу газрын хэвлийн баялаг ашигласны орлогоос Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, түүнийг санхүүгийн үр ашиг бүхий төсөл, хөтөлбөрт зориулах, үнэт цаас гаргах зэргээр арвижуулах, эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийг хангах тухай саналаа хэлэв.
2021, 2022 онд 1072 ширхэг хувьцааны ногдол ашгаа авч чадаагүй иргэдэд нөхөн олгох талаар судалж буй гэнэ. “Эрдэнэс Тавантолгой” ХК 2022 онд 1.3, энэ жилийн III улирлын байдлаар 2.7 их наяд төгрөгийн ашигтай ажиллаад байгаа аж. Мөн өрийн хэмжээ нь2022 оны аравдугаар сард 4.3 их наяд төгрөг байсан бол өнгөрсөн улирлын байдлаар 3.2 их наяд болсныг Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат чуулганы нэгдсэн хуралдааны үеэр мэдээлжээ. “Эрдэнэс Тавантолгой” компанийн урьдчилж олсон 603 сая ам.долларын орлогыг өнгөрсөн есдүгээр сард бүрэн барагдуулсан тул борлуулж байгаа нүүрсний орлогоо 100 хувь авч байгаа гэв.
Гишүүн О.Цогтгэрэл “1072 ширхэг хувьцааг иргэнд өмчлүүлэх нь зүйтэй, харин эзэмшигч нь шилжүүлэх, захиран зарцуулах эрхгүй байгаа нь буруу” гэсэн юм.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ ирэх оны хоёрдугаар сарын 19-нд хуралдаж, тайлан нь аудитаар баталгаажсаны дараа буюу цэвэр ашгаас ногдол ашиг тараах, эсэх талаар шийдвэрээ гаргах гэнэ. Тогтоолын төслийг хэлэлцэхийг гишүүдийн 53.7 хувь нь дэмжлээ.