Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон дагалдах бусад хуулийн төслийг Сангийн сайд өнгөрсөн баасан гарагт УИХ-ын даргад өргөн барилаа. Эл хуулийн төсөлд хөрөнгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлэх, түүний эрх зүйн орчныг бий болгох зорилгоор үнэт цаасны зах зээлийн зохицуулалтын хүрээг өргөтгөхөөр тусгасан байна. Түүнчлэн биржийн болон биржийн бус зах зээлийг ялгаатайгаар тодорхойлох, мэргэжлийн, урт хугацаат хөрөнгө оруулагчдыг бий болгох, тогтвортой ажиллах нөхцөл бүрдүүлэх зорилгоор хамтын, хувийн хөрөнгө оруулалтын сангийн зохицуулалтыг ялгаатай тогтоох зохицуулалтыг тусгажээ. Мөн олон улсын жишгийн дагуу анх удаа болон нэмж үнэт цаас гаргах ажиллагааг андеррайтерын компаниар дамжуулан зохион байгуулах замаар нийтэд санал болгон хувьцаа арилжихад хялбар болгох, зардал, өртгийг бууруулах, анхдагч зах зээлийн арилжааны шимтгэлгүй болгох, андеррайтерын үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэхээр тусгасан аж. Үүнээс гадна хөрөнгийн зах зээлд чанартай бүтээгдэхүүний тоог өсгөх, өөрийгөө зохицуулах байгууллагуудын төрлийг ялган, тэдгээрийн эрх, үүргийн хүрээг тодорхой болгож, чиг үүргийн давхардлыг арилгах, хувьцаат компаниудын мэдээллийн ил тод байдал, засаглалыг сайжруулах, хувьцаа эзэмшигчдийн эрхийг эдлүүлэх зэргийг тусгасныг Сангийн яамнаас мэдээлэв.