Өмнөд Солонгосын bHaptics компани мэдрэгчтэй тактикийн хувцас зохион бүтээж, үйлдвэрлэж эхэлжээ. Энэхүү хувцас нь видео тоглоомын дуу чимээг мэдэрч үйл явдалтай нь тохирох мэдрэмжийг чичирхийлэх хэлбэрээр мэдрүүлэх юм. Тулаант тоглоом тоглох үед байлдааны талбарт байгаа мэт дэлбэрэлт, цохилтыг мэдрэхээс гадна хажууханд архирах араатныг ч биеэрээ мэдрэх боломжтой. Мөн компьютер, гар утас зэрэг бүх төрлийн төхөөрөмжтэй холбогдоно. Түүнчлэн тус хувцасыг зөвхөн видео тоглоом гэлтгүй кино үзэх, дуу сонсохдоо ч хэрэглэж болох юм.
bHaptics тактикийн хувцсанд цээживч, бээлий, VR шилэнд байрлуулах төхөөрөмж, ханцуйвч, хөлийн өмсгөл зэрэг багтаж байна. Эдгээрийг тусад нь худалдаалдаг бөгөөд дангаар нь ч ашиглах боломжтой. Нүүрэнд тогтоох төхөөрөмж нь толгойндоо буудуулж буй мэдрэмж, гар болон хөлийн өмсгөл нь цохилт, өшиглөлтийг мэдрүүлэх юм. Тус хувцас чөлөөт размертай тул ямар ч биетэй хүнд таарна. Үнийн хувьд төрөл болон загвараасаа шалтгаалан 150-500 ам.доллароор зах зээлд борлуулж байна.
Эх сурвалж: CNBC