“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг “Монголын зэс корпорац” ХХК-д, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн хөрөнгө оруулалтын болон концессын гэрээг байгуулахдаа “Кью Эс Си” ХХК-д давуу байдал үүсгэсэн, “Хөтөлийн цемент шохой” ТӨХК-ийг хэт үнэгүйдүүлэн хувьчилсан гэх хэрэгт яллагдагчаар татагдсан 2012-2016 оны Засгийн газрын Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Б.Болор, Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байгаад Үндсэн хуулийн цэцийн гишүүн болсон Д.Сугар, Ц.Нанзаддорж тэргүүтэй хүмүүст холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн удирдан хийгээд, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорын хяналтад буцаалаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3-1.1 дэх хэсэгт заасан хэргийг буруу тусгаарласан, 33.3-1.2 дахь хэсгийн шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагааг хийлгэх шаардлагатай гэж үзэн ийнхүү шийдвэрлэснээ шүүгч Д.Дарьсүрэн танилцуулсан юм. Өөрөөр хэлбэл, Ч.Сайханбилэг, Д.Эрдэнэбилэг, Б.Мөнхбаатар тэргүүтэй зарим яллагдагч хилээр гарч явсантай холбогдуулж, хэргийг нь тусгаарлан шийдвэрлүүлэхээр болсныг шүүгч буруу гэж үзсэн аж.
Шүүгчийн захирамжтай санал нийлэхгүй буйгаа хохирогчоор тогтоогдсон аж ахуйн нэгжийн өмгөөлөгч нар илэрхийлж, давж заалдах шатны шүүхэд хандахаа мэдэгдлээ. Уг нь шүүхэд дээр дурдсан төрийн өндөр албан тушаалтнуудаас гадна Худалдаа, хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголын зэс корпорац”-ын гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин, “Кью Эс Си” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Шижир, гүйцэтгэх захирал асан Д.Батжавхлан, тус компанийн нягтлан бодогч Д.Энхтунгалаг, ТӨХ-ны Бүтцийн өөрчлөлт, хувьчлалын газрын дарга байсан Д.Эрэвгийлхам, “Хөтөлийн цемент шохой” ХК-ийн удирдах албан тушаалтнууд болох С.Уранчимэг, Р.Мөнхтуул, менежер Б.Мөнхсоёл, “Бейзмент” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Ч.Энхболд болон “Төмөр замын зураг төслийн институт”, “Кью Эс Си” ХХК-д холбогдуулан НПГ-аас яллах дүгнэлт үйлдсэн билээ. Мөн Зам, тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбаттай холбоотой үйлдэлд ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржханд, ахлах мэргэжилтэн Б.Минжбадам, “Ялгуусан” компанийн захирал Л.Санжаадорж нарыг яллагдагчаар татсан. Нэр дурдсан 20 хүн, хоёр аж ахуйн нэгжид Эрүүгийн хуулийн 21.1-ийн нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах, 22.1-ийн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, 22.4-ийн нийтийн албан тушаалтан хахууль авах, 22.5-ын хахууль өгөх, 18.6-гийн мөнгө угаах, 20.3-ын зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх гэсэн зүйл заалтын дагуу буруутгаж буй билээ.