Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр өнгөрсөн хоногт нийт нутгаар цас ороогүй, цаг агаар тогтуун байлаа. Хүйтний эрч хэвээр хадгалагдаж Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр -45...-50 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Байдраг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -39...-44 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -23...-28 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд болон зүүн өмнөд хэсэг, Онон, Улз голын хөндий, Дорнодын тал нутгаар -28...-33 градус, бусад нутгаар -33...-38 градус хүйтэн хонолоо. Үүнээс Увс аймгийн Зүүнговь сумын нутгаар -50 градус хүрч хүйтэрсэн байна.
Ойрын өдрүүдэд хүйтний эрч чанга хэвээр үргэлжилж, энэ сарын 22-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсэг, 24-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, 25-нд Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын хөндийгөөр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Мөн энэ сарын 23-наас ихэнх нутгаар хүйтний эрч суларч Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө -37...-42 градус, өдөртөө -24...-29 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -32...-37 градус, өдөртөө -20...-25 градус, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө -26...-31 градус, өдөртөө -14...-19 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -15...-20 градус, өдөртөө -3...-8 градус, бусад нутгаар шөнөдөө -21...-26 градус, өдөртөө -9...-14 градус хүйтэн байх төлөвтэй байна.