Өвөрхангай аймгийн Арвайхээр сумд орон сууцад утаажилт үүссэнээс 28 иргэн угаартжээ. Тодруулбал, тус сумын нутагт байрлах “Арвай гарден” орон сууцын I орцонд утаа гарч байна гэсэн дуудлагыг иргэд уржигдар 14.29 цагт орон нутгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн байна.
Тус орон сууцын дөрөвдүгээр давхарт оршин суудаг иргэн Э.Б нь гэртээ халуун тогоонд мах чанаж үлдээсний улмаас уг осол гарсан гэнэ. Тогоонд байсан мах түлэгдэж шатсанаас утаажилт үүссэн байна. Байрны 3-5 дугаар давхарт утаажилт үүссэн тул онцгой байдлын алба хаагчид 12 айлаас насанд хүрсэн 18 хүн, 10 хүүхдийг гаргасан аж. Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас үүний талаар тодруулахад “Гэмтэж бэртсэн хүн байхгүй. Угаарын хэмжээ бага зэрэг байсан. Таван давхар барилгад утаажилт үүссэн. Тэнд байсан иргэдийг гаргаж, угаартах үеийн заавар, зөвлөгөө өгсөн” гэсэн юм.
Бэлтгэсэн: А.Тэмүүлэн