ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албаныхан Сэлэнгэ, Төв, Булган аймгийн уул уурхайн бүс нутгуудад өнгөрсөн сарын сүүлчээр хийсэн хяналт шалгалтынхаа үр дүнг өчигдөр танилцуулав. Тэд шалгалтын явцад хууль бусаар ашигт малтмал олборлож байсан дөрвөн бүлэг, найман этгээдийг илрүүлж, экскаватор, алт угаах төхөөрөмж, цахилгаан үүсгэгч мотор, автомашин зэрэг нийт 26 техник хэрэгсэл хураан авч, битүүмжилжээ. Ашигт малтмал хууль бусаар олборлогчдын байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээг тогтоох, мөрдөн шалгах ажил өдгөө үргэлжилж буй гэнэ.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дахь Ноён уулын улсын тусгай хамгаалалттай газарт зургаан иргэн хууль бус үйл ажиллагаа явуулж байсныг энэ үеэр мөн илрүүлжээ. Алтны баяжмал бүхий зургаан шуудай чулууг тэднээс хураан авсан бөгөөд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Ташрамд дурдахад, тус албаныхан хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээ, мэдээллийг цагдаагийн байгууллагын 102 болон 7019-1070 утсаар хүлээн авч байгаа аж.