Иргэний нийгмийн байгууллагуудын дэлхийн холбоо (CIVICUS) сүүлийн 12 жилийн турш дэлхий даяарх иргэний нийгмийн төлөв байдлыг тасралтгүй ажиглан, жил бүр үнэлгээний тайлан гаргаж буй. Өнгөрсөн жилийн турш 190 гаруй улсын иргэний нийгмийн орон зайд хийсэн ажиглалтаа нэгтгэсэн энэ оны тайлангаа саяхан танилцуулжээ. Тус тайлантай хамт иргэний оролцооны байдлын индексийг зарладаг. Манай улс 100-гаас 61 оноо авч, иргэдийнх нь оролцоо “бууралттай” орнуудын ангилалд багтсан хэвээр байна. Монгол Улс 2020 оныг хүртэл иргэдийн оролцоогоороо “нээлттэй” ангилалд байсан ч уруудсан байрнаасаа сүүлийн гурван жилд хөдөлсөнгүй, ахиц гаргасангүй.
Ер нь дэлхий даяар иргэдийн жагсаж, цуглах идэвх сэргэж, олон асуудлыг үндэс сууриар нь хөндөж буйг тус тайланд онцолж, “Ихэнхдээ тодорхой бодлого, шийдвэрийг эсэргүүцэх сэдлээр жагсаж, цугласан иргэд эрх бүхий байгууллагаас тухайн шийдвэрийг нь цуцалж, хүчингүй болгосон ч таралгүй, авлига, засаглалын доройтол, эдийн засгийн тэгш бус байдал зэрэг нийгмийн гажуудлыг сууриар нь сөхөн, жагсаалаа үргэлжлүүлж байв” хэмээн дурдсан байна.
Тухайлбал, 2022 онд дэлхийн 113 улсад 12 500 гаруй удаагийн жагсаал, цуглаан болсон нь тэднийг үйл ажиллагаа явуулж, тайлан гаргадаг болсноос хойших хамгийн өндөр үзүүлэлт аж. Ингэхдээ иргэдийн жагсаж, цуглах эрхэд халдах явдал ардчиллын урт удаан түүхтэй улс орнуудад ч гарсныг тэмдэглээд, хүч хэрэглэх, бүр хүний аминд хүрэх, баривчлах, эрүүгийн хэрэг үүсгэсэнд нь хариуцлага тооцсон тохиолдол ховор байгааг сануулжээ. Улмаар иргэдийн жагсаал, цуглаан хийх эрх чөлөөг төр, иргэний нийгэм хамтран хамгаалах, зөрчигдөхөөс нь урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, хууль сахиулах үйл ажиллагааг шинэчлэх, жагсагчдын эсрэг хүчирхийлэл үйлдсэн этгээдэд хариуцлага тооцоход анхаарах ёстойг улс орнуудад зөвлөмж болгожээ.
Манай иргэд, залуус ч өнгөрсөн жилийн өдийд, ид хүйтнээр орон даяар жагсаж байлаа. Тэд хаврын хавсарга, зуны халууныг эс ажран хэд хэдэн удаа тайван жагсаж, төв талбайг дүүргэхдээ Засгийн газар, эрх баригчдыг үүрэгт ажлаа хийсэн шиг хийхийг шаардсан юм. Боломжийг нь ирээдүйтэй нь хамт үе, удмаараа хулгайлж буй дарга “анги”, тэдний үүсгэсэн шударга биш, хууль бус явдал ноёлсон нийгэм, ЖДҮХС, Хөгжлийн банк, нүүрсний хулгай, луйвар, энэ бүхний үр дүнд бүх салбарт гаарсан, эвлэрэхийн аргагүй гажуудал, доголдлыг иргэд тэвчиж, хүлцэж чадахгүй байгаа учраас тэсэрч, ямар ч үед жагсаалаас хойш суугаагүй. Жагсаал болгоны үеэр Ерөнхий сайдаас авхуулаад эрх бүхий албан тушаалтнууд иргэдтэй уулзаж, шаардлагынх нь дагуу арга хэмжээ авч байсан ч ард түмэн ахин дахин цуглаж, нэгдсэнийг санаж буй биз ээ.
Харамсалтай нь, өнөөдөр “нүүрсний хулгай”-н хэргийг хэрхэн шийдвэрлэх нь тодорхойгүй байна. Хууль тогтоох байгууллага нь хянан шалгах түр хороо байгуулж, нээлттэй сонсгол хийнэ гэж жил тойрон ярьсны эцэст энэ өдрүүдэд л зохион байгуулж байна. Хөгжлийн банкны гэх хэргээс ч буруутан олдохгүй, булзааруулаад өнгөрөх нь, “жараахай”-нуудыг л яллаад дууслаа гэж хардах хэсэг бас бий. Өнгөрсөн жилийн өвлөөс ч илүү даарч, түгжирч, халтирч, гэмтэж, хордож, эрхээ хязгаарлуулж буй иргэд бүр ч бухимдаж байна.
Хүний эрхийн үндэсний комиссоос өнгөрсөн хавар УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь удаагийн илтгэлд иргэний оролцооны эрх зүйн зохицуулалтын хэрэгжилтийн тухай тусгайлан тусгасан юм. Ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцох боломжийг бүрдүүлэгч суурь нөхцөл, Монгол Улсын иргэний үндсэн эрх чөлөө болох тайван жагсаал, цуглаан хийх талаар онцлон, Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийг боловсронгуй болгох тодорхой санал дэвшүүлсэн байдаг. Ингэхдээ “Монгол Улсын ардчилал, улс төрийн эрх чөлөөний ерөнхий зураг эерэг боловч ужиг доголдлын зэрэгцээ шинэ эрсдэл үүсэж байна. Монгол Улсад жагсаал, цуглаан түгээмэл зохион байгуулах болж, арга, хэлбэр нь өөрчлөгдөж байна. 2020-2023 онд 736 удаагийн жагсаал, цуглаан зохион байгуулсны 649 нь Улаанбаатар, 87 нь орон нутагт болжээ. Үйл явдал, хэрэг тохиолдлын улмаас зохион байгуулагчгүй, бүртгүүлэх боломжгүй цуглаан аяндаа үүсэх, иргэний үл захирагдахуйн акц яву улах, хэн болохоо илчлэхгүй, эсвэл урлагийн хэв маяг бүхий бүтээлч хэлбэрээр, цахим орчинд, цахим болон биет байдлыг хослуулж хамтын үзэл бодлоо илэрхийлэх боллоо” гээд эл сэдвийг зориуд хөндсөнөө Хүний эрхийн үндэсний комиссынхон тайлбарласан юм.
Мөн “Эмнести интернэшнл” байгууллагаас өнгөрсөн хавар дэлхийн хүний эрхийн төлөв байдлын талаарх тайланг танилцуулахдаа ч иргэд тайван жагсаал, цуглаан хийхэд эрх зүйн шинэчлэл шаардлагатайг онцолсон билээ. Хэдийгээр тайван жагсаал, цуглаан хийх нь иргэдийн оролцооны олон хэлбэрийн ердөө нэг нь ч гэлээ хууль тогтоогчид Хүний эрхийн үндэсний комиссын, олон улсын байгууллага, иргэний нийгмийнхний хэлж буйг үл тоож, хуулийг нь шинэчлэх ажлыг хайхарсангүй. Уг нь төслийг нь Засгийн газар боловсруулахаар ярьж байв. Гэхдээ Хууль зүй, дотоод хэргийн яамны албан ёсны цахим хуудсан дахь “олон нийтээр хэлэлцүүлж буй хуулийн төсөл”-ийн жагсаалтад Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн шинэчилсэн найруулга алга, боловсруулаа ч үгүй бололтой. 1994 онд буюу бараг 30 жилийн өмнө баталсан эл хуулийн зарим ойлголт, зохицуулалт хэт ерөнхий байгаагаас иргэд, төрийн албан хаагчдын дунд зөрчил үүсэж, үл ойлголцол гарч буйг хэн хүнгүй ярьдаг ч шийдсэн зүйл алга. Жишээ нь, ямар нөхцөл байдлыг “тайван” гэж үзэх, ойлгох, ямар тохиолдолд жагсаал, цуглааныг тайван бус, хүчирхийллийн шинжтэй болсон гэж үзэхийг эл хуульд тодорхойлоогүй гэдгийг судлаачид хэлж ирсэн. Тиймээс ч үүнийг үзэл бодлоо “тайван” илэрхийлэх гэсэн иргэд ч, хууль, хяналтынхан ч өөр өөрөөр ойлгож, тэд үл ойлголцох, зөрчилдөхөд хүрдэг.
Түүнчлэн УИХ-ын нэгэн гишүүн сонгогдсоныхоо дараахан энэ хуулийг шинэчилнэ гэж баахан ярьсан ч одоо дурсахаа больчихож. Мөн АН тэргүүтэй сөрөг хүчний зүгээс Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийг шинэчлэхийг үе үе шаарддаг ч тэд өөрсдөө төсөл боловсруулах гэх мэтээр санаачилгатай ажилласангүй. Энэ байдал нь, хуулиа шинэчлэхийн тулд хуруугаа ч хөдөлгөөгүй нь олон улсын байгууллагаас манай улсад олигтой дүн тавихгүй байх нэг том шалтгаан болсон нь лав.
Үнэндээ өнөө цагийн эрх баригчид, Монгол Улсын төр, засгийн хийгээгүй ажлыг гадаадын байгууллагуудын төслөөр хэрэгжүүлж, нүүр тахалж буй гэхэд болно. Тухайлбал, саяхан АНУ-ын Төрийн департментын мансууруулах бодис, хууль сахиулах асуудал эрхэлсэн олон улсын товчооны санхүүжилтээр Хууль зүй, дотоод хэргийн яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран “Монгол Улсад хууль сахиулах ажиллагаанд хүний эрх, жендерийн тэгш байдлыг дээшлүүлэх нь” төслийг эхлүүлээд байна. Хүний эрхийн үндэсний комисс уг төслийн үйл ажиллагаанд хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлээр зөвлөх чиг үүрэгтэй оролцож буй аж.