Аялал жуулчлалын мэргэжлийн холбооноос өвлийн аялал жуулчлалыг дэмжих бодлогын хүрээнд хүйтний улиралд нислэгийн давтамжийг бууруулахгүй байх, агаарын тээврийн компаниудыг дэмжих чиглэлд анхаарах саналыг ЗТХЯ-нд өнгөрсөн сард албан бичгээр хүргүүлж байжээ. Тус яам үүний хариу мэдэгдэл, тайлбарыг өнгөрсөн долоо хоногт ирүүлсэн талаар Аялал жуулчлалын мэргэжлийн холбооноос мэдээлэв.
Монгол, БНСУ-ын хооронд байгуулсан агаарын харилцааны хэлэлцээрийн хүрээнд өдгөө хоёр орны 10 компани долоо хоногт 70-80 нислэг үйлдэж буй гэнэ. Тэгвэл энэ тоог нэмэгдүүлэх гэрээ, хэлэлцээрийг талууд ирэх оны нэгдүгээр улиралд багтаан хийхээр тохиролцжээ.
Улаанбаатар-Франкфурт чиглэлд долоо хоногт таван удаа үйлдэж буй нислэгийг хоёроор нэмэгдүүлж, Берлин, Мюнхен руу зорчигч тээвэрлэх хүсэлтийг ЗТХЯ-наас тус улсын Холбооны цахим хөгжил, тээврийн яаманд хүргүүлсэн байгаа аж. Монгол, Герман улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой ирэх онд тохиож буйтай холбогдуулан энэ ажлыг урагшлуулах зорилт тавин ажиллаж буйг дурдлаа.
Орон нутгийн нислэгийн хуваарь, чиглэл, тийзийн үнэд өөрчлөлт оруулаагүйг дээрх яамнаас мэдэгджээ. Дотоод нислэгийн давтамжийг нэмэгдүүлж, тийзийн үнийг 2-2.5 дахин бууруулснаар зорчигчдын урсгал 30 хувиар өссөн гэнэ. МИАТ ТӨХК ирэх оны гуравдугаар сард зуны цагийн хуваариа шинэчлэн батлах хүртлээ орон нутгийн нислэгийг одоо үйлчилж буй журмын хүрээнд үйлдэх нь.