Улсын хилээр их хэмжээний алт хилээр нэвтрүүлэх гэж байгаад баригдсан хүмүүст холбогдох хэргийг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дундын шүүх хэлэлцэн шийдвэрлэлээ. Иргэн Х.Ганзориг, У.Цолмон, А.Соронзонболд нар энэ оны есдүгээр сарын 1, 2-нд өмнөд хөрш рүү хилээр гарах гэж байсан галт тэргээр 753 сая төгрөгийн үнэ бүхий алтан гулдмайг Замын-Үүд дэх Гаалийн газрын хяналтын бүс буюу Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн хэрэгт холбогдон шалгуулсан юм. Тэдэнд Замын-Үүд дэх Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн 18.5-1 дэх хэсгийн “Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлсэн” гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн аж. Шүүх уг хэргийг хэлэлцээд иргэн Х.Ганзориг, У.Цолмон, А.Соронзонболд нарыг улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлсэн гэм буруутайд тооцож, тус бүрийг нь 5.4 сая төгрөгөөр торгох ял оноосон байна. Харин тэдний хил давуулах гэж байсан 753 сая төгрөгийн үнэ бүхий алтан гулдмайг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ.