Амар хялбар аргаар хурдан хугацаанд мөнгөтэй болох гэсэн монголчуудын гэнэн занг луйварчид ашиглан залилсаар байна. Энэ оны эхний 11 сарын байдлаар бусдын эд хөрөнгийг залилан мэхэлсэн 12 374 гэмт хэргийг цагдаагийн байгууллага шалгасан нь өнгөрсөн өн үеийнхтэй харьцуулахад 9.8 хувиар өссөн үзүүлэлт юм. Залилан мэхэлсэн гэмт хэрэг ийм олон гарсан гэхээр монголчууд бид нэгнээ луйвардаж, хохироож, нөгөө хэсэг нь амархан мөнгөтэй болох гэсэн шуналдаа хөтлөгдөөд хурааж хуримтлуулсан хэдэн төгрөгөө бусдад алдсаар байгаагийн илрэл. Залилагч нар ямар ч албан тушаал хашиж байж болдог. Нэг хэсэг нь өндөр үнэтэй оффис түрээслээд мөнгөтэй, бусдыг хуурч мэхлэхгүй юм шиг харагдана. Зарим нь төрд хариуцлагатай албан тушаал эрхэлж, аль нэг намд дээгүүр эрх мэдэлтэй байх нь ч бий.
Тухайлбал, Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа цолтой нэгэн бусдыг залилан мэхэлсэн хэрэгтээ ял шийтгүүлээд буй. Эсвэл хүнд буян үйлдсэн бариач, лам, зурхайч дүртэй ч байх нь бий. Архаг хорт хавдрыг нь арилгаж өгнө хэмээн өвчиндөө шаналж буй хүн, тэдний ар гэрийнхнийг мэхэлсэн бариач гэх нэгэн ч шүүхээр ял шийтгүүлсэн юм билээ. Залилагч нар ямар ч дүртэй байж болдгийн жишээ болгож шүүхээр шийдвэрлэсэн хэргүүдээс зөвхөн хоёрхон жишээг эш татлаа.
Залилан мэхлэх гэмт хэрэг буюу 2017 оноос мөрдөж буй Эрүүгийн хуулийн 17.3 дахь хэсэгт зааснаар шийтгүүлсэн 300 гаруй хүн хорих ял эдэлж байгаа гэсэн. Энэ нь нийт хоригдлын 7.1 хувийг эзэлжээ. Үнэгүй бяслаг зөвхөн хулганын хавханд л байдаг гэдэг шүү дээ. Амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн иргэдээс залилагч нар ямар ч арга хэрэгсэл, үг, үйлдлээр мөнгийг нь салгаж байгаа юм. УЕПГ-аас “Хууртахгүй бол алдахгүй”, ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсээс “Ятгах тусам нягтал” зэрэг нөлөөллийн аяныг жил бүр зохион байгуулж, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ явуулдаг. Гэвч монголчууд, хохирогчид ухамсарлахгүй, сэхээрэхгүй л байна. Ийм байтал залилагчдын үйлдлийн арга улам л нарийсах боллоо.
Амар хялбар аргаар мөнгө олох гэж байгаад залилан мэхлэх гэмт хэргийн золиос болж хохирохоос болгоомжлуулах үүднээс бусдын эд хөрөнгийг залилан мэхэлсэн нэгэн хэргийг хүргэе.
ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ХУУРАМЧ ГЭРЧИЛГЭЭГ БАРЬЦААНД ТАВИХ НЬ ТЭДНИЙ ҮНДСЭН АРГА БОЛОЛТОЙ
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Т.Соронзонболд, Б.Уранчимэг, Б.Энхсаруул, С.Наранцэцэг, Б.Ууганзул, Б.Намуун, Н.Алтантуяа, Б.Оюунжаргал, Ц.Алтантуул, Я.Ганчимэг, А.Сатай, Ч.Энх-Амар, М.Сайнсанаа гэсэн 13 хүнд холбогдох, Эрүүгийн хуулийн 17.3-2.2, 17.3-3.3 дахь хэсэгт заасан бусдад онц их хэмжээний хохирол учруулж, зохион байгуулалттайгаар бүлэглэн, залилах гэмт хэргийг амьдралын эх үүсвэрээ болгосон гэх хэргийг хэлэлцэхээр товлоод байгаа юм. 2017 оноос хойш мөрдөн шалгасан, нэг нь л гэхэд 48 удаа бусдыг хохироосон нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон, олон удаагийн үйлдлээр иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад хохирол учруулсан гэх хэрэгт буруутгагдаж буй тэд чухам ямар хэрэг өдүүлэв.
Эл хэрэгт яллагдагчаар татагдсан Т.Соронзонболд, Б.Уранчимэг, Б.Намуун, Б.Оюунжаргал нар иргэн Н-ийн эзэмшлийн, Сүхбаатар дүүргийн нутаг, хүмүүсийн нэрлэж заншсанаар Бага тойрог дахь үл хөдлөх хөрөнгө, Баянзүрх дүүрэгдэх“Хүннү” хорооллын орон сууцын гэрчилгээг ашиглан “Жи Эс Би капитал” банк бус санхүүгийн байгууллага (ББСБ)-ын барьцаанд тавьсан гэнэ. Улмаар тэндээс 170 сая төгрөгийг нь хохирогчоос Б.Оюунжаргал нь шилжүүлэн авсан хэрэгт холбогдсон байна. Мөн Б.Уранчимэг, Б.Намуун, Б.Энхсаруул, Ц.Алтантуул нар дээрх ББСБ-ын барьцаанд Чингэлтэй дүүргийн нутаг дахь орон сууцыг хуурамч бичиг баримт ашиглан тавьж 30 саяыг мэхэлж авчээ. Үүнээс сарын дараа мөнөөх ББСБ-аасаа дахиад л хуурамч бичиг баримтаар Я.Ганчимэгийн нэр дээр зээл авсан байгаа юм. Түүнээс хойш Ч.Энх-Амарын нэр дээр “Кибернетик” ББСБ-аас үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хуурамч гэрчилгээ ашиглан 60 саяыг дээрх аргаараа залилсан аж. Бас иргэн Т-т хуурамч үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ үзүүлэн орон сууцаа хөлслүүлэх гэрээ байгуулж 20 саяыг нь луйвардчихсан гэнэ.
Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагынхны хайхрамжгүй, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг нь жинхэнэ үү, хуурамч уу, эцсийн өмчлөгч нь мөн, эсэхийг сайтар нягталдаггүйг залилагчид овжноор ашиглан ийнхүү иргэд, байгууллагад 20-170 сая төгрөгийн хохирол учруулсныг хууль сахиулах байгууллагынхан мөрдөн шалгах ажиллагаагаараа тогтоожээ.
“СОДМОНГОЛ”, “МАГНАЙ ТРЕЙД”, “ПЕТРОЖАМП” ХХК БҮЛЭГ ЛУЙВАРЧДАД МЭХЛҮҮЛСЭН НЬ
Залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэгчид уран яруу ярьж, үнэмшил төрүүлэхүйц бичиг баримт үзүүлж байгаад эд зүйлийг нь луйвардчихдаг жишээ олон. Энд өгүүлэн буй хэргийн холбогдогчид ч бас л ийм байдлаар аж ахуйн нэгжүүдээс их хэмжээний шатахуун мэхлээд авчихсан гэж буруутгагдаж байгаа юм. Тодруулбал, А.Сатай, Б.Оюунжаргал, Т.Соронзонболд, Б.Уранчимэг, Б.Намуун нар УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын үүсгэн байгуулсан “Содмонгол” ХХК-иас 425 сая шахам төгрөгөөр үнэлэгдэх шатахуун залилан авсан хэрэгт холбогджээ. Ингэхдээ мөнөөх л үл хөдлөх хөрөнгийн хуурамч гэрчилгээ, бичиг баримт ашигладаг аргаа хэрэглэсэн гэнэ. Тэд 2018 оны тавдугаар сард А.Сатайгийн нэр дээр шатахуун худалдах, худалдан авах гэрээг “Содмонгол” ХХК-тай байгуулж, эхлээд 311 сая төгрөгийн үнэ бүхий бараа авчээ. Түүнийгээ ч хуваарийн дагуу төлсөн аж. Ингэж цаг хугацаандаа төлбөрөө төлдөг гэх итгэлийг төрүүлээд дараа сард нь 425 сая орчмоор үнэлэгдэх шатахуун худалдан авсан байна. Ингэхдээ Баянзүрх дүүргийн нутаг, Денверийн гудамж дахь орон сууцын үл хөдлөх хөрөнгийн хуурамч гэрчилгээг барьцаалсан гэнэ. Эл төлбөрөө төлөхгүй 2-3 сар гүрийсний эцэст иргэн М-аас шатахуун авч өгнө хэмээн дээрх хэмжээний төлбөрийг гаргуулж, “Содмонгол”-д учруулсан хохирлоо төлөөд, тухайн иргэнийг хохироосон байна.
Шатахуун импортолж, бөөнөөр болон жижиглэнгээр борлуулдаг аж ахуйн нэгжид хохирол учруулсан үйлдэл ганц энэ ч биш. “МТ петролиум” ХХК буюу олны нэрлэж заншсанаар “Магнай трейд”-ийнхнийг луйвардсан гэж дээрх бүлэг хүнийг буруутгажээ. Я.Ганчимэг, Б.Намуун, Б.Уранчимэг нар үл хөдлөх хөрөнгийн хуурамч гэрчилгээ, түүний лавлагаа зэргийг ашиглан тус компанитай газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээг2018 оны арваннэгдүгээр сард байгуулсан гэнэ. Ингээд 150 мянган литр дизелийн түлш буюу 333.2 сая төгрөгийн бараа авсан юм байна. Гэвч үүнийгээ төлөлгүй “луу унжсаар” залилан мэхэлсэн гэмт хэрэгт буруутгагджээ. “МТ петролиум”-аас ганц удаа ч шатахуун залилж аваагүй бололтой. Ц.Алтантуул, Б.Намуун, Б.Уранчимэг нар мөн оны аравдугаар сард 82 сая гаруй төгрөгөөр дизелийн түлш авах гэрээний барьцаанд мөн л хуурамч үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ тавьж шилжүүлэн авсан гэнэ. Эдгээр үйлдлээсээ хойш Б.Намуун, Б.Уранчимэг нар Ч.Энх-Амартай хамтарч 2019 оны нэгдүгээр сард бас л үл хөдлөх хөрөнгийн хуурамч гэрчилгээ, лавлагаа ашиглан 357.1 сая төгрөгөөр 200 мянган литр дизелийн түлш захиалан авч залилсан байна. Мөн нэгнийгээ “Финанз планз” гэх компанийн захирал гэж танилцуулаад “Нархан” хотхоны нэгэн орон сууцын хуурамч гэрчилгээг барьцаанд тавьж, 200-гаад сая төгрөгөөр үнэлэгдэх дизелийн түлш авчихсан гэнэ. Энэ мэтээр 244.2 саяар 200 мянга, 191.9 сая төгрөгөөр 50 мянган литр шатахуун залилж авсан үйлдэл нь ч мөрдөн шалгах ажиллагаагаар тодорхой болсон аж.
Тэдний бас нэг хохирогч нь “Петрожамп” гэх газрын тосны бүтээгдэхүүн импортлон борлуулагч компани. М.Сайнсанаагаа бас л “Финанз планз” гэх компанийн захирал гэж хохирогч компанийнханд итгүүлэн Баянзүрх дүүргийн I хорооны нутагт байрлалтай 264.4 ам метр талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн хуурамч гэрчилгээ ашиглан 103.9 сая төгрөгийн үнэ бүхий 50 мянга гаруй литр дизелийн түлш мэхэлж авчээ. Ингэхдээ М.Сайнсанаа нь “Тавантолгойд нүүрс тээврийн машин явуулдаг, түлш хэрэгтэй байна” хэмээгээд литр тутмыг нь 2070 төгрөгөөр тооцон 2019 оны гуравдугаар сард дизелийн түлш авсан юм байна.
Түүнчлэн “Эн пи петролиум” шатахуун борлуулагч аж ахуйн нэгжээс 473.9 сая төгрөгөөр 218 мянган литр дизелийн түлш авахдаа бас л хуурамч гэрчилгээ ашиглан залилсан нь мөрдөн шалгалтаар тодорхой болсон юм. “Евро Азикорпорац” гэх компанийн захирал гэж Б.Энхсаруулыгаа танилцуулж, түүний нэрээр гэрээ байгуулан шатахуун авч, дамжуулан зарсан аж.
“МӨНХХАДА”, “ТАВАНБОГД”, “МОБИКОМ”, MSM КОМПАНИ Ч ТЭДЭНД ЗАЛИЛУУЛЖЭЭ
Энэ хэргийн нэг холбогдогч Б.Намуун “Мобиком” ХХК-ийн борлуулалтын албанд харилцагчийн менежерээр ажиллаж байж. 2020-2021 онд иргэдийн нэр дээр зээлийн гэрээний мэдээллийн сан үүсгэж “iPhone 12 pro max”, “Samsung S20 ultra” зэрэг утсыг мэхлэн авч 118.8 сая гаруй төгрөгийн хохирол учруулсан хэрэгт буруутгагдаж буй юм билээ. Бас Архангай аймгийн нэр бүхий иргэдэд БНСУ руу явуулах виз гаргаж өгнө хэмээн 10-аад сая төгрөгийг нь авчихсан байх юм.
Эл хэргийн яллагдагч нар хэд хэдэн жийп залилан унасан хэрэгт холбогджээ. Тухайлбал, “Мөнххада” ХХК-иас “Ланд круйзер-200” загварын автомашиныг иргэн Г-ын нэр дээр санхүүгийн түрээсийн гэрээ байгуулж, үл хөдлөх хөрөнгийн хуурамч бичиг баримтаар авсан гэнэ. “Хаслизинг” ХХК-тай 2018 оны дөрөвдүгээр сард зээлийн гэрээ байгуулж, машинаа тус компанийн нэр дээр бүртгүүлсэн байна. Бас MSM компаниас 2018 оны хоёрдугаар сард “Гранд черокий” загварын автомашиныг ХААН банкны лизингийн зээлээр авахдаа бас л хуурамч үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ барьцаалсан аж. Ингэснээрээ эл банканд 148 сая төгрөгийн хохирол учруулсан гэнэ. ХААН банкныхан зээл олгохоор судлахдаа зээлдэгч нарынхаа бичиг баримтыг сайтар нягтлаагүйгээс үү хоёр ч удаа эл бүлэглэлийнхний хуурамч үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг барьцаалчихсан байв. Өмнөх тохиолдлоос гадна “Таванбогд” ХХК-иас “Ланд круйзер-200” автомашин авахдаа гэрлэлтийн бүртгэлийн хуурамч лавлагаа, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хуудуутай баримтыг үндэслэн 2018 оны нэгдүгээр сард хоёр ч удаа машин авчихсан гэнэ.
Ийм нэгэн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын эхээр хэлэлцэхээр товлосон ч хэргийн оролцогчдоос шалтгаалж 2024 оны нэгдүгээр сарын 8-ны 10.00 цаг хүртэл хойшлуулаад байгаа юм.