Төрөөс төрсөн баячуудын нэг гэгддэг Б.Мөнхбат НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон улмаар Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын даргаар тав дахь жилдээ ажиллаж буй. Тэгвэл тун удахгүй энэ оны сүүлчээр Нийслэлийн ЗДТГ-ын Газрын даргын албан тушаалаа өгөх сурагтай. Учир нь УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 29.4-т зааснаар сонгуульд нэр дэвшигч нь ээлжит сонгуулийн жилийн эхний өдрөөс өмнө, ээлжит бус, нөхөн сонгуулийн тухайд энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө эрхэлсэн ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна хэмээн заасан. Иймээс төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан болох Б.Мөнхбат 2024 он гарахаас өмнө ажлаа хүлээлгэн өгөх ёстой юм. Нийслэлийн 23 дугаар сургуулйн багшаас ажлын гараараа эхэлсэн тэрбээр Чингэлтэй дүүрэгтэй салшгүй холбоотой. Иймд түүнийг өөрийн тойрог болох Чингэлтэй дүүргээс нэр дэвшиж магадгүй хэмээн ойр тойрныхон нь ярьж байна.
Хөрөнгө орлогын мэдүүлгийг нь харахад, Б.Мөнхбатын жилийн орлого л гэхэд 240 сая давдаг. Энэ нь өнгөрсөн оныхоос даруй 150 сая төгрөгөөр огцом өссөн үзүүлэлт юм. Гэр бүлийнх нь орлого мөн адил огцом өссөн. 2021 онд 0 байсан орлого нь 2022 онд 472 сая төгрөг болжээ. 978 сая төгрөгийн малтай, 709 сая төгрөгийн орон сууцтай. 88 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 108 сая төгрөгийн хадгаламжтай.
"Эрдэнэс таван толгой" ХК, "Түмний хурд гал уяа" Нөхөрлөл, "Сүү" ХК, "Си Юу" сүлжээ дэлгүүрийн хувьцааг тус тус эзэмшдэг юм байна.