УИХ-аас 13 жилийн өмнө Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогыг баталсан түүхтэй. Үүний дагуу төмөр замын дотоодын нэгдсэн сүлжээ бий болгох зорилгоор шинээр 7900 орчим км замыг гурван үе шаттай барихаар төлөвлөсөн юм. Эхний шатанд Даланзадгад-Тавантолгой-Сайншанд-Баруун-Урт-Чойбалсан чиглэлд 1100 км зам барихаар тооцсон байна. Дараагийн хоёр шатанд тус бүр 3000 гаруй км төмөр зам тавихаар төлөвлөв. Энэ бүхний үр дүнд экспортын хэмжээ жилд дунджаар 50 сая орчим тоннд хүрэх, төмөр замаар холбогдсон аймгуудын дэд бүтэц хөгжин ажлын байр нэмэгдэх, хилийн боомт шинээр нээх, ачаа тээвэрлэх чадвар өсөх зэргээр олон сайхан үр дүн гарна хэмээн төсөөлжээ. Тэгвэл өнөөдөр бодит байдал ямар байна вэ.
Үндэсний аудитын газраас Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулсан хөрөнгө, үр дүнд гүйцэтгэлийн аудит хийжээ. Үүнээс гарсан “үр дүн” үнэхээр нүүр улаймаар. Эдгээр нь Монгол Улсад хэрэгжүүлж буй мега төсөл. 100 хувь дотоодын хөрөнгөөр гүйцэтгэсэн нь сайн хэрэг ч учир дутагдал олон байна. Нууцын зэрэглэлд хамааруулсан нэрээр хууль зөрчин, үргүй зардал гаргасан, зориулалтын бусаар зарцуулсан зэрэг зөрчил илэрснийг ҮАГ-ынхан “Залилангийн эрсдэл өндөр байх магадлалтай” хэмээн дүгнэжээ. “Нүүрсний хулгай”-тай холбоотойгоор УИХ-аас зохион байгуулж буй хяналтын сонсголын хоёр дахь шат өнөөдөр эхэлнэ. Үүнд дээрх хоёр чиглэлийн төмөр замын төслийг санхүүжүүлсэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлага байсан хүмүүс ч орооцолдоод буй. Тэр хэрээр төмөр замын төсөлтэй холбоотой асуудал ч яригдахаар байгаа юм. Эдгээр төмөр замд нийт зургаан их наяд гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт, санхүүжилт хийсэн аж.
МУХАР ТӨМӨР ЗАМ
Дээрх хоёр чиглэлд төмөр зам барих тусгай зөвшөөрөл болон концессын эрхийг “Монголын төмөр зам” компанид олгож, санхүүжилтийг “Эрдэнэс Тавантолгой” ХК гаргасан. Мөн төмөр замын бүтцийн ажлын ерөнхий гүйцэтгэгчээр Зэвсэгт хүчний жанжин штаб, “Улаанбаатар төмөр зам” ХНН тус тус ажилласан байна. “Монголын төмөр зам” ТӨХК 2011 онд дээрх 1100 км болон гол тэнхлэгийг БНХАУ-ын төмөр замтай холбох хоёрдугаар шатны ажлыг нэгтгэсэн 2100 км замын 5.2 тэрбум ам.доллар бүхий өртөгтэй ТЭЗҮ-ийг боловсруулжээ.
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах Тавантолгойн уурхайгаас Дорноговийн Сайншанд сумын Зүүнбаян өртөө хүртэлх гол замын уулзварт 416 км урттай, 1520 мм-ийн буюу өргөн царигтай, жилд 15 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай байхаар төлөвлөсөн юм. Төслийн ТЭЗҮ-д тулгуурлан шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэхийн тулд 20 хүртэлх жилийн хугацаатай, 750 тэрбум төгрөгийн бондыг нэрлэсэн үнээр, хаалттай хүрээнд худалдах зөвшөөрлийг “Монголын төмөр зам” ТӨХК-д олгосон байдаг. Бүтээн байгуулалтыг нь 2018 онд эхлүүлж, 2.7 их наяд төгрөгөөр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ч хөрөнгө оруулалт, санхүүжилтийн гэрээгээр 1.3 их наяд төгрөг болгож багасгасан гэнэ. Улмаар 2022 оны есдүгээр сард уг замыг ашиглалтад оруулсан билээ. Гэвч аудитын дүгнэлтээр жилд 2.6 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай ажиллаж байгааг тогтоосон аж.
Цааш нэвтрүүлэх боомтын хүчин чадлыг нэмэгдүүлээгүй учраас тооцсоноороо ажиллах боломжгүй, үйл ажиллагаа нь жигдрээгүй. Тиймээс аудитынхан үүнийг “мухар зам” хэмээн тодорхойлсон юм. Төмөр замын суурийг нь 1984 онд барьснаас хойш засвар хийгээгүй, дэр мод нь даацынх биш, өртөөний зам сум нь гар удирдлагатай, сэлгээний илчит тэрэг байхгүй. Цаасан дээр гоё тоо, үзүүлэлт бичдэг ч бодит байдал дээрээ ийм л байна. Мөн 2019 онд тодотгосон ТЭЗҮ-ийн дагуу уг чиглэлийн төмөр замаар жилд 15 сая тонн ачааг зөөхийн тулд хөдлөх бүрэлдэхүүн нь 24 зүтгүүр, 1272 вагонтой байх ёстой аж. 460 тэрбум төгрөгөөр хөдлөх бүрэлдэхүүнээ худалдаж авахаар төлөвлөсөн ч санхүүжилтийнх нь гэрээнд уг мөнгөө тусгаагүй гэнэ. Тиймээс “Монголын төмөр зам” ТӨХК-ийн өмчлөлд байгаа найман зүтгүүр, 275 вагоныг л ашиглаж буй аж. Энэ нь хүчин чадлын 18 хувийг л ашиглаж буй гэсэн үг.
Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлийн төмөр зам нь Тавантолгойн уурхайгаас Гашуунсухайтын боомт хүртэл 233.6 км урттай, Өмнөговь аймгийн Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумын нутгаар дайран өнгөрдөг, жилд 30-50 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай, мөн л өргөн царигтай зам. Уг төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг 2018 оны наймдугаар сард эхлүүлж, 2022 оны есдүгээр сард ашиглалтад оруулсан байдаг. Эл төсөлд анх 950 тэрбум төгрөгийн санхүүжилт хийхээр тооцсон ч зардал нь өссөөр 2.1 их наяд төгрөг зарцуулжээ. Хүнд даацын уг замаар жилд дунджаар 30-50 сая тонн нүүрс тээвэрлэж, тээврийн өртгийг 3.8 дахин багасган, улсын төсөвт дунджаар 44 сая ам.долларын татвар төлнө хэмээн ашиглалтад хүлээн авахдаа мэдэгдэж байв.
Дээрх төмөр замаар жилд 30 сая тонн ачаа жилд тээвэрлэхийн тулд хоногт 100 вагонтой 12 хос галт тэрэг аялах учиртай. 16 зүтгүүр нэмж авах шаардлагатай ч хоёр нь л “ирж яваа”, бусдыг нь үйлдвэртээ угсарч дуусаагүй юм билээ. Энэ асуудлыг “Бодь интернэшнл” компани хариуцаж буй. Зүтгүүрийг нь хугацаандаа нийлүүлээгүй тул төлбөртэй илчит тэрэг ашиглан нэмэлт, тооцоолоогүй зардал гаргах болсон байна. 2022 оны долоодугаар сараас энэ оны зургаадугаар сарын хугацаанд нийт 2.2 тэрбум төгрөгийг түрээсэнд төлжээ. Мөн хилийн хяналтын бүс хүртэл төмөр замаа тавьчихсан ч хил холболтыг яаж хийх зураг төсөл нь бэлэн биш.
ТЭЗҮ, иж бүрэн зураг төсөл боловсруулах гэрээг “Тавантолгой төмөр зам” ХХК-ийнхан БНХАУ-ын Төмөр замын зураг төслийн корпорац ХХК-тай энэ оны тавдугаар сард хийсэн юм байна. 180 хоногт багтаан зураг төсөв, ТЭЗҮ-ийг хийх ёстой төлөвлөгөөнөөс нь харахад бүтээн байгуулалтын ажил дуусахад ахин 2-3 жил хэрэгтэй байгааг аудитын тайланд бичжээ. Өөрөөр хэлбэл, ойрын 2-3 жилд Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлийн төмөр зам мухар хэвээр байх нь. Мөн нүүрс ачих байгууламжийн ажил дуусаагүй байгаа гэнэ. Ерөнхий сайд өнгөрсөн зургаадугаар сард БНХАУ-д айлчилж, Гашуунсухайт-Ганцмодны боомтыг төмөр замаар яаралтай холбохоор тохиролцсон. Гэвч бодит байдалд ажил тийм амархан бүтэхгүй нь эндээс харагдаж байна. Уг нь энэ тохиролцоог 2023 онд биш, ажил эхлэх үед л хийх ёстой байж.
ТЭЗҮ-Д ТУСГАСАН АЧАА ТЭЭВРИЙН ГҮЙЦЭТГЭЛ 14-16 ХУВЬ
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар тээвэрлэх ачааны хэмжээг ТЭЗҮ-д нь 2022 онд 10, 2023 онд 12 сая байхаар заажээ. Гэвч уг замыг 2022 оны есдүгээр сард ашиглалтад оруулсан тул төлөвлөсөн хугацаа ч, тооцсон хэмжээ ч зөрсөн юм байна. Өнгөрсөн онд уг төмөр замаар 732.6 мянган тонн ачаа тээвэрлэж, 20.6 тэрбум, энэ оны эхний хагаст 636.4 мянган тонн ачаа тээвэрлэж, 47.05 тэрбум төгрөгийн орлого олсон аж. Үүнийг ТЭЗҮ-тэй нь харьцуулахад ачаа тээврийн гүйцэтгэл 14.1, орлогын гүйцэтгэл 19.8 хувь болж буй. Төслийн ажил төлөвлөсөн хугацаандаа хэрэгжээгүйгээс 962 тэрбум төгрөг алдсан гэсэн үг. Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын хувьд энэ онд 5000 тонн ачаа тээвэрлэж, 117.9 тэрбум төгрөг олохоор тооцсон байна. Гэвч бодит байдалд ачаа тээврийн гүйцэтгэл 16.6, орлогынх 7.2 хувь л гарчээ.
“Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг төрийн нууцад хамааруулан, худалдан авах ажиллагааг зохион байгуулсан. Улмаар хуулийн шаардлага хангаагүй компанитай шууд гэрээ байгуулж, давуу байдал олгосон байж болзошгүй” хэмээн ҮАГ-ын дүгнэлтэд бичжээ. Ирээдүйн өв санд төвлөрүүлэх учиртай 750 тэрбум төгрөгөөр “Эрдэнэс Тавантолгой” ХК хаалттай өрийн бичиг худалдан авч, бүтээн байгуулалтын ажлыг санхүүжүүлсэн, үүнээсээ зэвсэгт хүчний анги, нэгтгэлүүдэд 67 тэрбум төгрөгөөр тоног төхөөрөмж, техник хэрэгсэл бэлтгэсэн, энэ тухай улсын төсөвт тусгаж, УИХ-аас шийдвэр гаргуулаагүй нь парламентын бүрэн эрхийг зөрчсөн үйлдэл болсон аж.
Дотоодын санхүүжилтээр бүтээн байгуулалтын том төсөл хэрэгжүүлэхдээ зэвсэгт хүчний анги, нэгтгэлийн хүчийг ашиглаж, зардал хэмнэсэн гэсэн тайлбар тухайн үед их хийсэн. Тэгвэл аудиторууд үүнийг сайшаахгүй байна. “Зэвсэгт хүчнийг төсвөөс санхүүжүүлдэг. Гэтэл нөгөө гараараа зэвсэгт хүчнээ ашиглан орлого олох нь зүй бус” хэмээн тэд үзжээ. Улс орон зэвсэгт хүчнээрээ ашиг олох ёсгүй, олон улсад манай энэ туршлагаар бахархахгүй хэмээн тэд онцолно лээ. Мөн Тавантолгой, Гашуунсухайт өртөөний ажилтнуудын амьдрах суурьшлын бүс байгуулахаар 45 сая ам.доллар төсөвлөсөн ч түүнийг нь шилжүүлэн ачих терминалын бүтээн байгуулалтад зарцуулчихсан байна. Ингээд орон сууц ч үгүй, түүнийг барих ч мөнгө ч үгүй болжээ.
ТЭЗҮ бол аливаа бүтээн байгуулалтын баримтлах гол чиг шугам байх ёстой. Гэвч манай мега төслүүдийн хувьд энэ нь ердөө л бэлгэдэл болж хувирсны жишээ энэ. Анхны хөрөнгө оруулалтаасаа зардал нь давсан, тооцсон хүчин чадалдаа хүрч ажиллаж чадахгүй, ажлыг бүхэлд нь, олон талаас нь тооцож төлөвлөдөггүй гэх мэт олон дутагдал шалгалтаар илэрсэн байна. Дотоодын төсвөөр мега төслүүдийг санхүүжүүлж, ашиглалтад орууллаа хэмээн хөөрөхдөө ард нь байгаа энэ зуун задгай, жаран хагархай асуудлаа ярьдаггүй нь үнэн. Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого нь өөрөө санхүүжилтийн эх үүсвэр, хэрэгжих хугацаа тодорхойгүй “бүрхэг” байгааг засахыг тэд УИХ-д зөвлөсөн байна. Ирээдүйн өв сангийн хөрөнгийг УИХ-ын шийдвэргүйгээр бүтээн байгуулалтын ажилд зарцуулсан, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг хийж буй нийт 996 га газар нь улсын хилийн зурвас болон дархан цаазат бүсэд харьяалагдаж байгаа учраас тусгай хэрэгцээнд авах асуудлыг шийдэхийг мөн зөвлөсөн аж. Мухар зам болгоход хүргэсэн асуудлуудаа яаралтай шийдэх, боомтуудын нэвтрүүлэх чадварыг нэмэх зэргээр Засгийн газарт, чиглэлийн сайд нарт нь хандсан зөвлөмж ч өгсөн байна. Хууль зөрчсөн аливаа хэргүүдийг тэд хууль, хяналтын байгууллагад шилжүүлжээ.
Төсвийн мөнгийг үр ашигтай зарцуулж буй, эсэхийг хянаж, цаашид ямар арга хэмжээ авахыг зөвлөх нь ҮАГ-ын үүрэг байдаг. Гэвч тэдний гаргасан тайланг гүйцэд уншиж, зөвлөмжийг нь хэрэгжүүлдэг төрийн байгууллага ховор гэнэ. Хэдийгээр холбогдох хуулиудад өөрчлөлт оруулж, зөвлөмжийн дагуу ямар арга хэмжээ авснаа байгууллагууд тайлагнах үүрэгтэй болсон ч одоогоор тодорхой ахиц гараагүй, тэднийг “тоодоггүй” хэвээр байгаа юм билээ. Санхүүгийн ямар зөрчил ажилд нь байгаа, үүнийг хэрхэн засахыг зөвлөөд өгснийг хэрэгжүүлбэл учирч болох илүү том эрсдэлээс сэргийлж чадах юм. Тиймээс мега төслөө мөрөөдөл болгочихгүйн тулд уялдаа холбоогүй, хууль зөрчсөн үйлдлүүдийг яаралтай засаж, арга хэмжээ авахад УИХ, Засгийн газар анхаарна гэж найдна.