Төрийн өмчит “Монголын төмөр зам” ХК-ийн эрх бүхий албан тушаалтныг өнгөрсөн пүрэв гарагт АТГ-ынхан хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд албадан саатуулжээ. Тус компанийн Эдийн засаг, хөрөнгө оруулалтын газрын дарга Д.Банзрагчийн албан өрөөнд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн энэ сарын 14-нд прокурорын зөвшөөрөлтэйгөөр, түүний хяналт дор нэгжлэг хийж, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан байна. Улмаар цагдан хорьж шалгах хугацаа нь дууссан учраас сулласан аж. Өмнө нь “Зүүнбаян төмөр зам” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан түүнтэй хамт “Монголын төмөр зам” ХК-д шилжин томилогдсон 5-6 хүнээс ч энэ үеэр тайлбар, мэдүүлэг авчээ. Түүнтэй хамт н.Түвшинбаатар гэх хүнийг шалгаж буй бөгөөд БНХАУ-ын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн эзэн Ли гэх хүнээс их хэмжээний мөнгө авч Д.Банзрагчид дамжуулан өгсөн байж болзошгүй хэмээн хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн гэнэ. Эх сурвалжуудын мэдээлснээр энэ хүмүүсийг хахууль авсан, өгсөн гэх хэрэгт яллагдагчаар татах, үргэлжлүүлэн цагдан хорих, эсэхийг өнөөдөр шүүхээр шийдвэрлүүлэхээр болж буй тухай мэдээлэл бидэнд ирлээ.